Р.Нурдыхан: "Дэлхийд хосгүй нүүдэлчин соёлын гайхамшгийг хүмүүст мэдрүүлэхийг хичээдэг"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-10 20:07:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Уран зургуудаараа казахын ард түмний өв соёл, уламжлалыг эх орондоо болон хилийн чандад сурталчилж яваа Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Р.Нурдыхантай ярилцлаа.


- Уран бүтээлийн гараагаа хэзээ, хаанаас эхэлсэн вэ?

- Би 1959 онд Налайх дүүрэгт төрж, тэнд өссөн хүн байгаа. 1975 онд Налайхын техник мэргэжлийн сургуульд орсон. 1977 онд тухайн сургуулийг дулааны машинист мэргэжлээр төгсөөд энд ирсэн. Ирээд аймгийн Урчуудын эвлэлийн салбараас хөдөлмөрийн гараагаа анх эхлүүлж байлаа. Тэр үед бүх аймгууд Урчуудын эвлэлийн хорооны салбартай байсан шүү дээ. Өлгийд нэг жил ажиллаад 1978 онд цэргийн албанд татагдан гурван жил иргэний үүргээ биелүүлээд ирсэн. Цэрэгт бас зураачийн ажил хийж байлаа. Халагдаж ирээд Урчуудын эвлэлийн салбарт зураачаар ажилд орсон доо. 1981 онд Улаанбаатар хотод очиж шалгалт өгөөд мэргэжлийн зураач болсон. Урчуудын эвлэлийн салбар тарсан 1992 он хүртэл энэ байгууллагад хөдөлмөрлөж дараа нь бие дааж уран бүтээл туурвиж эхэлсэн байгаа.




 - Уран бүтээлч хүн анхны бүтээл нь мартагдахгүй зүрхэндээ мөнх хоногшин үлддэг байх. Өөрийн анхны уран бүтээлийнхээ талаар дурдахгүй юу?

 - 1986 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан «Энх тайвны төлөө тэмцэгч» сэдэвт олон улсын зурагт хуудасны уралдаанд «Зураач ба энх тайван» нэртэй бүтээлээрээ оролцож байлаа. Тус бүтээлээрээ Урчуудын эвлэлийн шагналыг хүртсэн юм. Тухайн бүтээл маань надад их урам хайрлаж, түүнээс хойш уран бүтээлч болох замд эргэлт буцалтгүй орсон.

 - Зураач болох таны багын мөрөөдөл байсан уу, эсвэл тохиолдол уу?

 - Миний багын мөрөөдөл шүү дээ. 1970-аад оны үед хотод Урчуудын эвлэлийн хорооны харьяа Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байсан. Одоо СУИС-тай нэгтгэсэн байгаа. Тус сургууль 1974 онд намайг долдугаар анги төгсөхөд элсэлт авч байсан бол дараа жил би наймдугаар анги төгсөхөд элсэлт ирээгүй өнжсөн. Сургуулийн удирдлагууд ирэх жилийн элсэлтээр шууд авья гэж миний сурч байсан сургуульд хүртэл ирж байлаа. Тэгээд 1976 дахиж улирах биш гэж аргагүйн эрхэнд өөр мэргэжил сонгож байлаа. Үүнд одоог хүртэл харамсдаг юм.

- Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд дүрслэх урлагийн чиглэлээр суралцах боломж гараагүй юу?

- Намайг Урчуудын эвлэлийн хорооноос Баян-Өлгий аймаг дахь салбарт ажиллаж байхад дээрээс ОХУ-ын Санкт Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид нэг хүн суралцуулах эрхийн бичиг ирж байлаа. Энэ бол зураач болгоны мөрөөдөл байсан юм. Социализмын үед хүний авьяасыг үнэлэхээс илүү дэг журмыг дээгүүр тавьдаг байсан шүү дээ. Тэрүүгээрээ  Монголын хувьсгалт залуучуудын холбооны гишүүн, аймаг дахь салбарын дарга ажилтай нэг хүнийг сонгож явуулж байлаа. Би явж чадаагүй. Явуулсан хүн нь жил ч сураагүй хичээлээ орхиод эргэж ирж байсан. Тухайн үед түүний оронд би явсан бол өнөөдөр арай өөр байх байсан гэж боддог.

- Таны бүтээлүүд төрөл зүйн хувьд аль уран зургийн ангилалд хамаарах вэ?

- Би бүтээлээ реализмын чиглэлээр туурвидаг.

- Зураг зурахдаа ямар өнгийг өргөн ашигладаг вэ?

- Уран бүтээлдээ хатуу, хурц өнгөнүүдийг голцуу ашигладаг.

- Зурагнуудынхаа сэдвийг хаанаас олдог вэ?

- Миний бүтээлийн голлох сэдэв бол казах түмний өвөрмөц өв соёл, уламжлалыг хамардаг. Дэлхийд хосгүй нүүдэлчин соёлын гайхамшгийг хүмүүст мэдрүүлэхийг хичээдэг. Зургийнхаа сэдвийг их бодож байж л гаргаж ирнэ. Ард түмний өдөр тутмын амьдралаас санаа авна. Жишээлбэл, жил бүр зохион байгуулдаг Бүргэдийн баярт өөрийн биеэр очиж зарим зургийнхаа эх загварыг гаргадаг.




- Өнөөдрийг хүртэл хэчнээн зураг зурсан вэ? Бүтээлийн бүртгэл гэж байдаг уу?

- Би өөрийгөө айхавтар том уран бүтээлч гэж боддоггүй. Өөрийнхөө хэмжээндээ л бүтээл туурвиж явна.  Бүртгэл байхгүй байгаа. Ихэнх зургууд маань гадаад, дотоодод зарагдаад явчихдаг.

- Зураг зурах нь таны хувьд хобби уу, эсвэл амьжиргааны эх үүсвэр үү?

- Ажил мэргэжилдээ хайртай. Ажилдаа хайртай байж л сайн бүтээл, үр дүн гарна шүү дээ.

- Би даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?

- 2012 онд Өлгий хотод уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Мөн 2007 онд ОХУ-ын Новосибирск, 2010 онд Барнаул, 2014 он Горно-Алтайск хотуудад болсон олон улсын уран зургийн үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцсон. 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Их Алтайн дуулал"  сэдэвт үзэсгэлэнд  бүтээлээ тавьж байлаа.

- Таны зургууд орон нутагт хэр зэрэг эрэлттэй байдаг вэ?

- Эрэлт гайгүй байдаг. Арав хоногийн дотор хэд хэдэн зураг зурж зарагдах үе бий. Хоосон суух тохиолдол ч байна. Баярлууштай зүйл гэвэл сүүлийн үед залуучууд уран зургийг ихээр сонирхож, бэлэг дурсгалд аваад байгаа.   

- Таны бүтээлүүд дунджаар хэдэн төгрөгөөр зарагддаг вэ?

- Ер нь 40х60-ын харьцаатай зураг 150-200 мянга орчим төгрөгөөр зарагддаг. Хэмжээнээсээ хамаараад захиалгын дагуу 400 мянга хүртэл төгрөгөөр зарагддаг  зураг ч байна.

- Хамгийн өндөр үнээр зарагдсан ямар зураг байна?

- 2012 онд миний ОХУ-ын Укокын олдворуудаас санаа авч зурсан "Укокын хатан хаан" нэртэй зургийг Горно-Алтайскийн нэг том хүн 25 мянган рублиэр худалдаж авч, тухайн хотын музейд бэлэглэсэн байдаг. Нэг их том зураг байгаагүй ч тухайн үеийн ханшаар 1,2 сая орчим төгрөгөөр үнэлэгдсэн юм.

- 1992 онд Урчуудын эвлэлийн хорооны Баян-Өлгий аймаг дахь салбар татан буугдсан гэж дээр хэллээ. Одоо төр засгаас уран бүтээлчдээ дэмждэг үү?

- Төр засгаас дэмжсэн юм байхгүй. Бүтээлээ борлуулаад амь зууж байна. Аргагүйн эрхэнд ихэнх зургаа Орос руу гаргаж зардаг. Энд нэг зургаа 200 орчим мянган төгрөгөөр зарах гэхэд авах хүн олдохгүй. Харин Орост бол хамгийн доод тал нь долоон мянган рублиэр өгчихдөг. Монголын зураачдын чадвар зохиомж, арга барилын хувьд дэлхийн хэмжээнд нэлээн өндөр гэж үнэлэгддэг. Үүнийг гадаадынхан хүлээн зөвшөөрдөг ч манай төр засаг цаашид улам хөгжүүлье гэж боддоггүй. Ихэнх аймгийн Урчуудын эвлэлийн салбар орон нутгаас дэмжлэг үзүүлсний ачаар орон байраа хадгалж үлдсэн. Харин манайд юу ч үгүй болж, зураачид нь ийш тийшээ явчихсан байдаг.




- Төр засгаас дэмжлэг байхгүй юм байна. Та таны олон жилийн хөдөлмөрийг үнэлж байна уу?

- Өнөөдрийг хүртэл төрийн дээд одон медаль авах гэж хөөцөлдөж үзээгүй. Өөрсдөө санаачилж өгөөгүй /инээв/.

- "Хөдөлмөрийн хүндэт медаль" ч аваагүй гэсэн үг үү?

- Байхгүй.

- Ер нь ямар нэгэн шагнал авч байсан удаа бий үү?

- 2015 онд хоёр шагнал авсан. Нэг нь "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг. Хоёр дахь нь ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Соёлын сайдын "Хүндэт жуух бичиг" байсан.

- Таны хөдөлмөрийг оросууд илүү ихээр үнэлээд байна уу даа?

- /Инээв/.

- Сая аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас Өлгий хотын төв талбайд Монгол Улсын баатар М.Икейн морьт хөшөөг босгох шийдвэр гаргалаа. Хуралдаанд та өөрийн загвараа танилцуулсан. Тус төсөл дээр одоо ажиллаж байна уу?

- Би 2008 оноос уран баримлаар хичээллэж эхэлсэн. Миний эх загварыг нь гаргасан "Бүргэдчин" хөшөө одоо аймгийн ЗДТГ-ын өмнө сүндэрлэсэн байгаа. Мөн Булган сумд Хэлмэгдэгсдийн хөшөө боссон. Харин М.Икей баатрын хөшөөний загварыг гаргах саналыг анх аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан надад хэлсэн. 1979 онд М.Икейг Улсын баатар цолоор нэхэн шагнахад би тухайн хүний тулалдаж байсан нутаг Дорнод аймагт цэргийн алба хааж байлаа. 1980 онд баталист зураач Ч.Батмөнх М.Икей баатрыг үзэж харсан, түүнтэй цуг байсан хүмүүсээс асууж байгаад хөрөг зургийг нь гаргасан. Тухайн зургийг анги дээр би бас зурж байлаа. Харин өнөөдөр тэр хүний хөшөөг төв талбайд босгохоор ярьж байна. Тендер энэ тэр нь зарлагдах байх. Баатрын хөшөө сүндэрлэвэл аймгийн ард түмний хувьд их бахархууштай хэрэг болно. Хөшөөний загварыг би хоёр янзаар хийж байна. Эхнийх нь бол гартаа сэлмээ барьж давшилтад орж байгаа, нөгөөдөх нь байлдаанд орох гэж байгаа загвар.  

- Цаашид хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна?

- 2020 онд тохиох Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор уран зураг, баримал хосолсон бие даасан үзэсгэлэнгээ гаргахыг зорьж байна.

 - Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

- Баярлалаа.



Холбоотой мэдээ