100 жилийн баталгаа өгсөн Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-02 18:24:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, авто зам, рамп гүүрийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс /2018.11.02/ нэвтрүүлж эхэллээ.


Нээлтийн ажиллагаанд  Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, БНХАУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, Худалдааны газрын зөвлөх Сүн Вэй Рэнь, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, Төслийг хамтран гүйцэтгэсэн байгууллагын төлөөллүүд болон бусад албаныхан оролцов.



Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Шинэ технологи нэвтрүүлсэн эл гүүрэн байгууламжийг хүлээлгэн өгч байгаа нийт зам барилгын ажилчид, инженер техникийнхэн, төслийн удирдагч нарт нийслэлийн иргэдийн өмнөөс талархал дэвшүүлье. Энэхүү гүүр нь шинээр барих хотын захиргаа болон орон сууц хорооллууд, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал зэргийг хотын төвтэй холбох чухал ач холбогдолтой. Энэхүү ажил нь Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойтой давхцан баригдсан олон улсын стандартад нийцсэн анхны "рамп" зам гүүр гэдгээрээ онцлогтой. Энэ жил Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын "Гаруда" тусгай шагналаар дээрх төслийн гүйтцэтгэгч НАЗХГ шалгарсныг дуулгахад таатай байна” гэв.



НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Зам барилгын ажлыг дэлхийд салбартаа тэргүүлэх “Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо груп корпораци“ гүйцэтгэж дотоодын ААН-үүдийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн дэмжсэн. Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх хамгийн гол шийдэл нь зам дэд бүтцийг хөгжүүлэх юм.  Өнөөдөр зөвхөн нэг гүүр ашиглалтад орсон гэхээсээ илүүтэй Монголын ААН-үүд, зам барилгын салбарын мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлагаа зориулсан томоохон бүтээн байгуулалт боллоо. Энэ хэрээр нийслэлийн хөгжилд өгөөж ирнэ” хэмээв.



 "Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа гүнзгийрч ажил хэрэгч ажиллагаа улам  бэхжиж байна. Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил тохионо. Энэ хүрээнд аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон хурдны авто зам, цэцэрлэг, сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв зэрэг орчин үеийн шаардлага хангасан барилга, байгууламжуудыг бүтээн байгуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ" хэмээн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр орлон гүйцэтгэгч онцолсон юм. 


НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, “Гүүрийн бүтээн байгуулалтын ажилд Монголын талаас 50 гаруй ААН хамтран, 130 гаруй техник,  500 гаруй инженер, техникийн ажилчид оролцсон. Яармагийн энэ уулзварын хэсэгт  өмнө нь  зам тээврийн осол маш их гардаг  байсан.


Энэхүү бүтээн байгуулалтын онцлог нь тээврийн хэрэгсэл гурван чигт огтлолцолгүй чөлөөтэй нэвтрэх учраас зам тээврийн осол гарахгүй, хөдөлгөөний ачаалал гурав дахин буурна" гэв.



БНХАУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, Худалдааны газрын зөвлөх Сүн Вэй Рэнь, “Манай улсын ЭСЯ-ны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн өртгөөр боссон эл гүүрэнд 100 жилийн баталгаа өгнө. Гүүрийн арчлалтыг манай тал эхний жилдээ хариуцаад НАЗХГ-т даалгаж өгнө. Ирэх онд манай Засгийн газар Налайхын 20.9 км авто зам, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг олон төсөл хөтөлбөрүүд дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллана" гэв.


Яармагийн шинэ гүүр нь 250.2 метр урт, 20.5 метр өргөн,  "Д-Рамп" буюу Богд уулын замыг Яармагийн арын замтай холбож буй төмөр бетон гүүрэн зам нь 276 метр урт, 8.5 метр өргөнтэй аж. Хуучин гүүр нь 250 метр урт, есөн метрийн өргөнтэй, 57 метр нүхэн гарцтай юм.


Төслийн Захиалагчаар Нийслэлийн ЗДТГ, НАЗХГ, төслийн гүйцэтгэгчээр Хятадын зам барилгын тэргүүлэх "Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп корпораци" ажиллаж, хяналтын зөвлөхөөр Герман Монголын хамтарсан “Эс Пи Ар Инженер Консалтинг Монголиа” ХХК ажилласан байна. 


НАЗХГ-аас ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Сонсголонгийн болон Баянзүрхийн гүүрийн төслийн ажил 60 хувь, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын ажлын явц 38 хувьтай байгааг албаныхан онцлон хэлэв.



Гэрэл зургийг: Б.Чадраабал


Холбоотой мэдээ