Дорнод-Манжуур-Дорнодын чиглэлийн автобус өнөөдрөөс явж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Манай улсын Дорнод аймгаас БНХАУ-ын
Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлт тодорхой
хугацаагаар зогсоод байсан бол өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 1-нээс
эхлүүллээ.
Дорнод-Манжуур-Дорнодын чиглэлийн
автобус өдөр бүр 07.30 цагаас Дорнод аймгийн Автотээврийн төвөөс хөдлөх юм. Өмнө нь 9 жилийн
судалгаа, тээвэрчдийн хичээл зүтгэлийн үр дүнд уг олон улсын шинэ тээврийн
шугамыг өнгөрсөн
онд нээж байсан боловч тодорхой хугацаагаар зогсоод байсан юм. Дорнод
аймгийн Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуурыг зорих
үйлчилгээг Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн
төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсон юм.
Шинэ чиглэлэд Монголын талаас “Тал нутгийн
Хэрлэн”, “Монгол аялал” компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан
зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж 7 хоногийн даваа, лхагва, баасан гаригт
том оврын автобус зорчигчдыг тээвэрлэж байсан юм. Цаашдаа энэ чиглэлд зорчих
иргэдийн тоо ихэсвэл долоо хоногийн 5 өдөр, өдөрт хоёр удаа автобус
явуулах боломжтой аж. Зорчих тасалбарын үнэ 44.000 төгрөг байна.