Өсвөрийн аврагчид зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Өсвөрийн аврагч клубын төлөвлөлтийн уулзалт болжээ.
Баянхонгор, Өлзийт сумдын Ерөнхий боловсролын 6 сургууль дээр “Өсвөрийн аврагч” клубыг байгуулан тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулсан. Харин энэ удаа “Өсвөрийн аврагч” клубын үйл ажиллагааг жигдрүүлэх, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай клубын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах зорилго бүхий уулзалт болсон байна.
Уулзалтанд аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Баянхонгор ОНХХ-1, Улаан загалмай хороо, Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого-сейко ахлах сургууль, Өлзийт сумын Сайн оюут дунд сургуулиудын төлөөлөл оролцжээ.
Тодруулбал, чиглүүлэгч 12 багш, нийгмийн ажилтанууд, оролцож 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтарч хийсэн байна. Цаашид дээрх байгууллагууд “Өсвөрийн аврагч” клубын гишүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг идэвхижүүлэх талаар томоохон ажлуудыг явуулахаар болсон бөгөөд зохион байгуулах ажлын нээлт нь удахгүй болох аж.
Б.Мөнхзул