Шинэ гэрээнд Хятад улс нэгдэх хэрэгтэй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-01 15:14:37

ТОКИО. /ТАСС/.  Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудын тухай шинэ гэрээг боловсруулах талаар Орос болон АНУ яриа хэлэлцээ хийж эхэлж магадгүй байгаа бөгөөд Хятад улс энэ үйл явцад оролцох хэрэгтэй гэж Японы засгийн газар үзэж байна. Энэ тухай Японы гадаад хэргийн сайд Таро Коно парламентын доод танхимын төсвийн комисс дахь хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.


“Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээ нь цөмийн зэвсгийг хорогдуулах, хяналт тавихад ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан. Гэрээг Орос улс ноцтой зөрчиж байна гэж АНУ-ын мэдэгдэж байгаа энэ нөхцөл байдлыг бид зохисгүй гэж үзэж байгаа хэдий ч хоёр улс ийм төрлийн шинэ гэрээний талаар яриа хэлэлцээ хийх боломжтой гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


“АНУ одоогийн гэрээнээс гарвал шинэ гэрээг боловсруулахад талууд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Шинэ гэрээ бий болвол тус гэрээнд АНУ, Орос төдийгүй Хятад оролцох хэрэгтэй” хэмээн Таро Коно онцлон тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ