Сургуулиудын 40 гаруй хувь нь илчлэг багатай үдийн цайгаар үйлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-30 12:27:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн Ерөнхий боловсролын 120 сургууль, 129 цайны газарт явуулсан хяналт шалгалтаар 847 зөрчил илрүүлэв.


НЗД-ын өгсөн үүрэг даалгаврын дагуу тус газраас шалгалтын явцад "Үдийн цай хөтөлбөр"-ийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн, халдвар хамгааллын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ.


НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, "Шалгалтад хамарсан төрийн өмчит сургуулиудын 64 хувь нь зориулалтын цайны газарт үйл ажиллагаа явуулж байгаа бол 35.7 хувь нь зориулалтын бус буюу өрөө тасалгааг өөрчлөн засварласан, 6.6 хувь нь цайны газаргүй байна.


Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн шаардлага хангасан сургууль 76 хувьтай байгаа бөгөөд 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэгийг хангасан хоол хүнсээр үйлчилж байна.


Ажлын байрны мэргэжлийн дүгнэлт гаргуулсан цайны газар 74 хувь, хүнсний бүтээгдэхүүний нийт зохицол хангасан цэстэй цайны газар 75 хувьтай байна" гэлээ. 


Хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлүүдээс дурдвал Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа”, “Монгени”, “Шинэ-Эрин”, 141, 73, 51 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 53, 127, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор, Сүхбаатар дүүргийн 25, 45, 71 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 34, 60, 75, 115, 130, 32 дугаар сургуулиуд “Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн цайны газрыг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн 56.7 хувийг газар дээр нь арилгаж, 44 сургуульд улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн хүрээнд 14 хуулийн этгээдэд 9.4 сая төгрөгийн торгууль оноосноос гадна “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрыг түрээслэгч “Банни” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авчээ. 

Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжүүлэгч ААН-үүдэд 2 удаагийн сургалт зохион байгуулж сургуулийн ойр орчимд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаар ухуулга сурталчилгааны материалыг 262 сургууль, түүний цайны газарт нааж байршуулсан хэмээн мэдээлэв.


Холбоотой мэдээ