АН-ын бүлгээс УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан асуудлаар шаардлага хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-26 12:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 


УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байгаагаа АН-ын бүлгээс мэдээллээ.  Тодруулбал,

1.    Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл,

2.    Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл,

3.    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,

4.    УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөг,

5.    УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан байна.

            Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна гэдгийг бүлгийн удирдлагууд мэдэгдлээ.

            Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардлаа.

            Дээрхи  хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодын хуралдаанд оролцохгүй болохоо  анхааруулсан юм. 

Холбоотой мэдээ