Д.Трамп, В.Путин нар ирэх сард уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх сард Парис хотноо уулзахаар төлөвлөжээ.
Сүүлийн үед хоёр улсын хооронд цөмийн зэвсгийг устгах тухай гэрээтэй холбоотой маргаан дэгдээд байгаа билээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр уулзана гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдэв.
Тэрбээр 1987 онд байгуулсан дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужингуудыг устгах гэрээнээс АНУ гарахаар төлөвлөж байгааг уламжлахаар ОХУ-д айлчилсан байна.
ОХУ уг гэрээг зөрчиж байна гэж АНУ үзэн энэхүү гэрээнээс гарна гэж мэдэгдсэн байна. Харин ОХУ гэрээг зөрчөөгүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд АНУ гэрээнээс гарах нь аюултай алхам юм гэж анхааруулжээ.