ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал боловсруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-19 12:17:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг боловсруулан өнөөдөр БСШУСЯ-нд хүлээлгэн өглөө.

Энэхүү аргачлалыг БСШУСЯ, Жайка олон улсын байгууллага, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын Үнэлгээний төв, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл бүхий эрдэмтэн судлаачид хамтран БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм.

Тус аргачлалыг баталсантай холбогдуулан цаашид БСШУСЯ-наас сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг 10 жилийн циклийн дагуу зохион байгуулна. Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагааг үндэсний түвшинд 10 жилээр төлөвлөх юм. Ингэснээр боловсролын тогтолцоо тасралтгүй, төлөвлөлт, менежмент нь тогтвортой болж боловсролын чанар сайжирна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.



Төслийн зөвлөх, зохицуулагч Фүкүо Томохиро хэлэхдээ, “Манай төсөл 2016 оноос 3 жилийн хугацаанд хэрэгжлээ. Бидний боловсруулсан аргачлал бол 10 жилийн урт хугацааны аргачлал юм. Аргачлал баталснаар БСШУСЯ-наас цаашид хөтөлбөрийн шинэчлэлийг энэ дарааллын дагуу явуулна. Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын эх үүсвэр нь хөтөлбөр богино хугацаанд олон удаа өөрчлөгддөг явдал юм. Тиймээс асуудлын мөн чанарыг шийдвэрлэхээр салбарын яам зорьж байгаа нь Монголын Боловсролын яамны амжилт ололт юм” гэв.

Сургалтын хөтөлбөрт хийсэн өөрчлөлтийг цаг хугацааны хувьд авч үзвэл 1921-1940 /20 жил/, 1940-2000 /10 жил/, 2000 оноос өнөөг хүртэл /4 жил/ гэсэн давтамжтай хөгжиж иржээ. 1990-ээд оноос манай улсын ЕБС-ийн бүтцэд хийсэн өөрчлөлтийг даган боловсролын салбарт шинэчлэл эрчимжсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрт 4 жилийн давтамжтай 3 удаагийн өөрчлөлт оржээ.

“1990-ээд оноос хойш дэлхий нийтийн чиг хандлага, боловсролын зорилгыг харах өнцөг өөр болж боловсролын өөрчлөлт шинэчлэлт хийгдлээ. Хэт ойрхон давтамжтай сургалтын хөтөлбөр өөрчлөгдөх нь хэд хэдэн эрсдлийг дагуулж байна. Энэ нь боловсруулалтын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлөх, сургууль,  багш нар, олон нийтэд хэлэлцүүлж нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй, сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг сурах бичиг болон үнэлгээний аргад хангалттай тусгаагүй байна. Тиймээс сургалтын хөтөлбөрийг тогтвортой, уялдаатай, төлөвлөлттэй байх гарын авлагыг боловсруулан үнэсний хэмжээнд түгээж байна” хэмээн Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох ярилаа.

Өндөр хөгжилтэй орнууд боловсролын хөтөлбөрөө 7-10 жилийн давтамжтай шинэчилдэг байна. Энэхүү аргачлал хөтөлбөрийг практикт нэвтрүүлж, судалгаа, нотолгоонд суурилсан тогтвортой бодлого, төлөвлөлтийг бүрдүүлэх нь сургалтын чанар, суралцагчийн сурлагын амжилт, нийгмийн эрэлт хэрэгцээнд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ, “Саяхан бид Жайка олон улсын байгууллагын хуралд оролцоход сургалтын хөтөлбөрөө ойрхон шинэчилсэн улс орнуудаас хамгийн түрүүнд алхам хийж чадсан улс бол Монгол юм.  Монгол Улсын жишээ бол дэлхийн бусад улс орнуудад хэрэг болно хэмээж байсан. Богино хугацаанд бид аргачлалыг амжилттай боловсрууллаа. Ингэснээр цаашид хэн дуртай, хэн эрх мэдэлтэй нь сургалтын хөтөлбөр өөрчлөх боломжийг эрхзүйн хувьд шийдэж байна” хэмээн тодотгов.

Холбоотой мэдээ