Төрийг хохироосон компаниудыг олон нийтэд зарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-04 15:08:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут орон нутгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, төрийг хохироосон компаниудыг олон нийтэд зарлахыг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзоригт үүрэг болголоо.

Тодруулбал, 2012-2016 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн хөрөнгө оруулалтын ажлаас 550 тоннын багтаамжтай байцааны зоорийн 550 сая, “Бурхан багшийн сэрэг дүр”-ийг алтдах 75 сая, шахмал түлшний үйлдвэрийг дэмжиж 75 сая, “Мэндсэцэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын 1.3 тэрбум төгрөгийн ажил чанаргүй болсныг онцолсон юм.

Дээрх асуудлаар шүүхийн байгууллагад хандаж ажлаа чанартай үргэлжлүүлэн гүйцэтгэх эсвэл орон нутгийг хохиролгүй болгоход хуулийн байгууллага анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв. Ирэх долоо хоногт бүх баримт нотолгоог ил болгох ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ