Нийслэлд барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-02 18:15:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэх эрсдэл тулгарч байгааг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төсөл санаачлагчийн илтгэлдээ онцлов. Тэрбээр, “Хуучны барилга байгууламжуудыг нураах үед гарах хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал үйлдвэрлэх шаардлага үүсээд байна. Иймээс Засгийн газар барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа. Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хогийн цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэх юм. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монол Улсад 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээл олгоно. Зээл нь 15 жилийн хугацаатай, эхний гурван жио үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм” гэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, С.Батболд, Д.Оюунхорол, С.Содбилэг нар асуулт асууж, үг хэлээ. Гишүүдийн зүгээс төслийг шуурхай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд анхаарах, орчин үеийн техник, технологийг нутагшуулах замаар хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч гаргаж авах чиглэлд идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь хуулийн төслийг дэмжив.

Холбоотой мэдээ