Македон улсын нэрийг өөрчлөх тухай санал асуулгын үр дүнг магтан сайшааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-01 16:48:42

МОСКВА. /ТАСС/. Бүгд Найрамдах Македон улсын нэрийг өөрчлөх тухай бүх нийтийн санал асуулгын үр дүнг НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага дэмжиж байгаа бөгөөд энэ түүхэн боломжийг ашиглахыг талуудад уриалж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Бүгд Найрамдах Македон улсын нэрийг өөрчлөх тухай Грек улстай байгуулсан засгийн  газар хоорондын гэрээний асуудлаархи бүх нийтийн санал асуулгыг ням гарагт явуулсан юм. Бүгд Найрамдах Македон улс болон Грек улс хоорондын гэрээг хүлээн зөвшөөрч, Евродын Холбоо болон НАТО-гийн гишүүнлэлд элсэхийг дэмжиж байна уу гэсэн асуултад иргэд хариулах ёстой байсан гэнэ.


Македоны Сонгуулийн хорооны урьдчилсан мэдээгээр, бүх нийтийн санал асуулгын саналын хуудсын 85,71 хувийг тоолсны дараах ирц 36,11 хувьтай байсан байна. Гректэй байгуулсан Засгийн газар хоорондын гэрээг санал асуулгад оролцогсдын 91,25 хувь нь дэмжсэн бол 5,82 хувь нь эсэргүүцжээ. Македоны хуульд заасны дагуу сонгогчдын ирц 50 хувиас доогуур бүртгэгдсэн тохиолдолд бүх нийтийн санал асуулгыг хүчингүйд тооцдог байна. Бүх нийтийн санал асуулгыг амжилттай болсныг хүлээн зөвшөөрөхийн тулд тус улсад 1,8 гаруй саяар тоологддог нийт сонгогчдын талаас дээш хувь нь оролцсон байх ёстой.


Дээрх бүх нийтийн санал асуулга нь Грек болон Македоны хооронд хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Македон улсын нэр нь Грекийн хойд нутгийн мужийн нэртэй адилхан байгаа асуудлаар 27 жил үргэлжилсэн маргааныг эцэслэн шийдэх зорилготой юм.


Македон улсын албан ёсны шинэ нэрийн тухай гэрээнд хоёр орны Гадаад хэргийн сайд нар зургадугаар сарын 17-нд Преспа арлын эрэгт гарын үсэг зуржээ. Уг гэрээнд Балканы хойгт оршдог тус улсыг “Бүгд Найрамдах Умард Македон Улс” гэж нэрлэхээр заасан байна. Энэ гэрээ нь олон жил үргэлжилсэн маргааныг зогсоогоод зогсохгүй тус улсад НАТО болон Европын Холбоонд элсэх замыг нээж өгөх юм. 

Э.Аянзаяа  

Холбоотой мэдээ