Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-27 17:46:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулан ажиллаж байна. 


Дээрх төслийн гэрээг БХБЯ-наас баталгаажуулан гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр тус яаманд болж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХБЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар гарын үсэг зурлаа. БХБ-ын сайд Х.Баделхан хэлэхдээ, “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг анх боловсруулж байсан 1996 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул уг төслийн баримт бичгийг шинээр боловсруулах шаардлага үүссэн. Монгол орны газар нутаг, байгалийн нөхцөл, нөөц, хүн амын уламжлалт нүүдлийн болон эрчимжиж буй суурин хэвшлийн амьдрал, соёл иргэншлийн зохистой харьцаа, өвөрмөц онцлогт нийцсэн төрийн цогц бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг дунд болон урт хугацааны төлөвлөлт, үзэл баримтлалаар илэрхийлж, түүндээ байнга тодотгол оруулж байх шаардлагатай. Иймд улсын хэмжээнд газар нутгийн бодит нөөц, чадамжид суурилсан нутаг дэвсгэрийн болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, улс, бүсийн чанартай, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг гүйцэтгэхэд мэргэжлийн байгууллага буюу институтийг байгуулах нь зүйтэй юм. 

 

“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” болон “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”- ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах зорилтуудыг дэвшүүлсэн. Тус төслийг боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны  5 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж батлуулах ажлыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, зургийн даалгаврыг батлах ажлуудыг зохион байгуулж байна гэв. Төслийн хүрээнд:


  • Хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлох,
  • Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох,
  • Зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх,
  • Хот суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох,
  • Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох зэрэг нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ