Ахмадууд бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-22 22:43:54

Говь-Алтай /МОНЦАМЭ Говь-Алтай аймгийн Ахмадын хороо, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран Олон улсын ахмадын баярыг угтан ахмадуудын арга туршлага, ур чадварыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тэдний урласан бүтээл, бүтээгдэхүүнээр ахмадуудын бүтээлийн үзэсгэлэн худалдааг есдүгээр сарын 21-нд Алтай хотноо зохион байгууллаа. 

Үзэсгэлэнд  аймгийн 15 сум, хоёр тосгоны ахмадын хорооны гишүүд гар урлал /эсгий, шүр, хатгамал, сийлбэр, үндэсний хувцас /, цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, зэрэг төрлөөр оролцов.

Энэ жилийн ахмадын баярыг угтсан арга хэмжээний онлог нь анх удаа ахмадуудын урласан бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргаж тэдний хөдөлмөр, бүтээлийг олон нийтээд сурталчилж,  үнэлсэн явдал гэж ахмадуудын төлөөлөл ярив.Цаашид дээрх арга хэмжээг уламжлал болгон  зохион байгуулахаар болжээ. 

Үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн ахмадууд үндэсний түүх, соёл, зан заншлыг залуу хойч үедээ таниулах зорилгоор “Монгол хувцас бидний бахархал” арга хэмжээг зохион байгуулж, сум бүрээс эрэгтэй эмэгтэй хос, өөрийн гараар урласан Монгол дээл хувцсаар гоёж оролцсон юм. 


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ