Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-09-22 17:12:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар Хамтарсан мэдэгдэл гаргав. Монгол Улс, АНУ хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд  гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.

Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.

АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов. АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов.

Холбоотой мэдээ