Аспирины ашиг тусын талаарх ойлголтыг эрдэмтэд үгүйсгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2018-09-18 13:52:20

МОСКВА. /РИА Новости/. Өдөр бүр аспирин уух нь өндөр настнуудын амьдрах хугацааг уртасгахад тус дөхөм болдоггүй гэдгийг эрдэмтэд тодорхойлжээ. Тэдний судалгааны дүнгийн талаар The New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн байна. 


Туршилтыг таван жилийн хугацаанд явуулсан бөгөөд түүнд АНУ, Австралийн 19 мянга гаруй иргэн хамрагджээ. Туршилтад оролцогчдын дундаж нас нь 74 байсан бөгөөд тэд хөгжлийн бэрхшээлгүй, зүрх судасны болон зөнөгрөх өвчнөөр өвчлөөгүй эрүүл саруул хүмүүсийг оролцуулсан байна. Тэдний тал хувь нь өдөрт 100 мг аспирин ууж байсан бол бусдад нь плацебо буюу ямар ч үйлчилгээгүй хуурамч эм өгчээ. 


Ингээд туршилтын дүнг үзвэл, нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох, зөнөгрөх өвчний тохиолдлууд туршилтад оролцогч хоёр бүлгийн хувьд онцын ялгаагүй гарч байжээ. Тодруулбал, эхний бүлгийн 1000 хүн тутамд 21,5 тохиолдол гарч байсан хоёрдахь бүлгийнхэнд энэ тоо 21,2 байсан аж. Үүний сацуу аспирин ууж байсан хүмүүсийн дунд их хэмжээгээр цус алдах эрсдэл 3,8 хувьтай байсан бол хуурамч эм хэрэглэж байсан хүмүүсийн хувьд 2,8 хувьтай байжээ. 
“Таван жилийн туршид өдөр бүр аспирин хэрэглэж байсан эрүүл саруул өндөр настнуудын нас уртсаагүй ба тэдний хувьд цус ихээр алдах тохиолдол нэмэгдэж байсан” гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. 

Холбоотой мэдээ