Д.Алтанхуяг: Монголд мэргэжлийн сонгодог бүжгийн сургууль зайлшгүй шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2018-09-17 11:15:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн олон оронд шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр бэлэг барьдаг уламжлал манайд ч тогтоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл энэ жилийн бүжгийн жүжигт оролцон тоглох бяцхан бүжгийн хорхойтнуудаас өнөөдөр сонгон шалгаруулалт хийлээ. Уг бүжгийн жүжгийг Америкийн орчин үеийн тавилтаар монголын үзэгчдэд 5 дахь жилдээ хүргэхээр зорьж буй МУГЖ, Монголын Балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуягтай уулзаж ярилцав. 

 

-Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг “Цөмөөхэй” бүжгэн жүжигт энэ жил хичнээн хүүхэд оролцох вэ?


-Энэ жил “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн таван жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд тоглолтын чанар улам сайжирсан. Хүүхдүүдийн хувьд анх 280 гаруй хүүхэд шалгуулж байсан. Харин энэ жил 100 гаруй хүүхэд шалгуулахаар ирлээ, үүнээс 70-80 хүүхдийг сонгон авна. Сонгон шалгаруулалтын дүн ирэх долоо хоногт гарна. Манай “Цөмөөхэй” бүжгэн жүжиг сонгодог урлагийг монголын нийгэмд хүргэх, урлагаар дамжуулан хүүхдийг бүжигт дуртай болгох, тэднийг тайзан дээр гарах, дурсамж үлдээх зэргээр тэдний төлөвшилд урлаг хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарч олон хүүхдийг хамруулах хүсэлтэй байдаг. “Цөмөөхэй” бүжгэн жүжиг гэхэд монголд мэдэхгүй хүүхэд байхгүй болсон. Цөмөөхэй гэдэг нэр байхгүй байхад шинээр гаргаж байлаа. Энэ бүжгэн жүжгийг Нийслэлийн ЗДТГ, УДБЭТ, БСШУСЯ, Монголын Балетын хөгжил сан болон бусад бизнесийн байгууллагууд хамтран айл бүрт шинэ жилийн баяр дээр баяр нэмдэг энэхүү балетыг тоглох бэлтгэл ажил өнөөдрөөс эхэллээ.


-“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг тайзнаа тавьснаас хойш балетыг сонирхож, хичээллэдэг хүүхдүүдийн тоо өссөн. Энэхүү бүжгэн жүжгээ Японы үзэгчдэд хүргэх гэж байгааг сонслоо?


-Энэ жилийн хувьд манай уран бүтээлчид “Цөмөөхэй” бүжгэн жүжгээ Японы Токио хотын Шинэ үндэсний театрт 10 дугаар сарын 27, 28-нд тоглоно.. Тоглолтод Японы Токио комаки балетын хамт олон  болон Монголын УДБЭТ-ын бүжигчид хамтран тоглоно. Токиод тоглолтод оролцох 50 гаруй хүүхдийг аль хэдийн сонгон шалгаруулсан. Харин монголдоо ирэх 12 дугаар сард уламжлал ёсоор тоглоно. Урлаг яагаад бидний нийгэмд байх хэрэгтэй вэ гэдгийг “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ярихаасаа илүү хэрэгжүүлж харуулж байгаа. Түүний ард эцэг эх, мэргэжлийн хамт олон, багш нарын нөр их хөдөлмөрөөр бүтдэг. Зөвхөн тайзан дээр тоглоход 400-500 хүн ажилладаг. Бүжигчид, оркестр, маркетинг гээд нийслэл даяар хүн бүрт хүргэхийг зорьж нийслэлийн Засаг дарга гээд урлагтай холбоотой байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Үүний үр дүнд анх удаа монголын балетын бүхэл бүтэн тайз декораци, хувцас хэрэгсэлтэйгээ Токиод очиж тоглох гэж байгаа нь сонгодог урлагийн түүхэнд чухал үйл явдал болж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Токиод бүжиглэж байгаа болон УДБЭТ-ын бүжигчид гэхчлэн 10 гаруй балетчид оролцоно.  Би найруулгаа хийнэ, өөрөө бүжиглэнэ. Цаашид бид сонгодог урлагаар дэлхийд өөрийн гэсэн байр суурьтай ялангуяа Азидаа тодорхой хэмжээний чанар чансааг харуулах үүднээс “Цөмөөхэй” бүжгэн жүжиг бол хамгийн урдаа барьдаг балетын нэг гэж харж байна.

 

-Үлгэрийн ертөнцөөр хэсэг хугацаанд аялуулж, сонгодог урлагийн уран ярууг мэдрүүлдэг энэ гайхалтай бүтээлд хүүхэд бүр л оролцохыг хүсдэг. Анхны жил 300-аад хүүхэд оролцож байсан бол түүнээс хойш “Цөмөөхэй” балетад хичнээн хүүхэд оролцож өөрийгөө шинээр нээсэн юм бол?

-Энэ хугацаанд УДБЭТ-ын алтан тайзнаа 1000-аад хүүхэд гарсан байна. Тэдний дунд балетын мэргэжлийн бүжигчин болох хүүхэд ч бий, гэхдээ дийлэнх нь балетчин болохгүй. Гэсэн хэдий ч тэдэнд ямар сайхан дурсамж үлдэж байгааг мэдэж, баяртай явдаг. Энэ бол сонгодог урлагаар явсан миний үүрэг. Мөн “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр дамжуулан хамт олонтойгоо болон Монгол Улсын Консерватори, дугуйлангууд, мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллагууд нийлж хэрхэн сонгодог урлагийг авч явж байгааг харуулахыг зорьж байна.


-Та энэ жил “Цөмөөхэй” бүжгэн жүжигт дүр бүтээх үү?



-Би энэ жилиийн нээлтийг хийнэ. Уламжлал болгон “Цөмөөхэй”-н дүр бүтээнэ. Үргэлжлүүлээд УДБЭТ-ын гоцлоочид болон бусад бүжигчид тоглоно.

 

-“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг анх тавихдаа тайзнаа цас оруулж байсан нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Энэ жилийн хувьд үзэгчдэд ямар сюрприз барих вэ. Найруулгад нь өөрчлөлт орсон уу?

 

-Эхний жил цас оруулж үзэгчдийг баясгаж байсан бол өнгөрсөн хугацаанд дуурийн тайзнаа цоо шинэ үзэгдэл болох агаарын бөмбөлгийг туршилтаар хөөргөсөн. Энэ жил бүрэн хэмжээгээр нь үзэгчид үзэх боломжтой. Ер нь манай тайз жижигддэг. Улс орон маань боломжтой болсон үед нэг өдөр сонгодог том бүтээлийг тавих тайзтай театртай болно гэдэгт итгэлтэй явдаг. Гэсэн хэдий ч бид дуурийн алтан тайзнаа өмнө нь болж байсан зүйлийг боломжийн хэрээр харуулахыг хичээж байна. Тухайлбал, “Цөмөөхэй” бүжгэн жүжигт агаарын бөмбөлөг хөөрч, цас орж байгаа, гацуур мод жижиг байснаа аварга том болж байгаа гэхчлэн ид шидийн орноор аялуулна.

 

-Сонгон шалгаруулалтад эрэгтэй хүүхэд цөөхөн харагдаж байна. Тэд өөрийн сонирхлоороо ирж байна уу, эсвэл эцэг эхийн шахалтаар ирдэг үү?


-Балет бол  бүжиг юм. Миний аав Монгол Улсын гавьяат жүжигчин, Ховд аймгийн Хөгжимт драмын театрт насаараа бүжиглэсэн, бие биелгээч. Хөвгүүд цэрэгт явахад алхаж, бие нь чангардаг гэж хүмүүс  ярьдаг. Хүүхдүүд багаасаа урлагаар хичээллэх ёстой. Тэр нь уран зураг, хөгжим аль нь ч байж болно. Хөвгүүд сонирхлоороо ирдэг. Цаашид тэднийг хөгжүүлэхэд эцэг эхчүүд асар их үүрэгтэй. Ялангуяа монголын ирээдүй болсон хөвгүүдийг урлагаар явуулах нь маш чухал шүү гэдгийг эцэг эхчүүдэд хэлмээр байна. Тиймээс Монголын Балетын хөгжил сан энэ жилээс амьдралын боломжгүй, авьяастай, наймаас дээш насны 30 эрэгтэй хүүхдийг тэтгэлгээр сургахаар төлөвлөсөн. Хэрвээ эцэг эхчүүд сонирхож байвал манай байранд ирж хүүхдээ шалгуулж болно. Тэднийг бэлтгээд диктатуртай учраас хасагдаад явна. Энэ урлагт хайртай байж энэ урлагаас юм авна. Та энэ урлагийг хайрлахгүй бол таныг шууд авч хаяна. Балетын урлаг бол хатуу мөртлөө зөөлөн, зөөлөн мөртлөө хатуу урлаг юм даа.


-Монголын балетын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа хүний хувьд та “Монголын үндэсний балет сургууль” байгуулсан. Үүнийгээ цаашид өргөжүүлэх талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Манай дугуйлан “Цөмөөхэй” бүжгэн жүжигтэй нас чацуу. Энэ хугацаанд харахад Клара, Кларагийн найзуудын дүр гээд хүүхдүүдийн өрсөлдөөн өндөр байгаа боловч түүнийгээ дагаад тэдний түвшин өндөрсч байна. Мөн бид Монголын Үндэсний балетын тэмцээн, Олон улсын балетын тэмцээнийг зохион байгууллаа. Балетын урлаг гэдэг тийм амархан урлаг биш. Өнөөдөр насанд хүрэгчид балетаар хичээллэх нь ихэссэн. Балетын хөдөлгөөнд иог, анхаарал төвлөрөлт, хурд, хүч, сунгалтууд багтдаг. Англи, Франц, Японд балет хэрхэн заадгийг би мэднэ. Насанд хүрэгчид балетыг их сонирхож байгаа ч  тэдэнд зориулсан хөтөлбөр байдаггүй. Тиймээс энэ жил манай Монголын Балетын хөгжил сангаас насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөрийг бий болгохоор судалгаатай ажиллаж байна. Монголын балетын хувийн сургуулиудад хүүхдүүдэд юу зааж байгааг би мэдэхгүй. Мэргэжлийн үүднээс “Найман нас хүртэл нь хүүхдийг нэгдүгээр зогсолтоор зогсоож болохгүй” гэдгийг хэлдэг.  Гэтэл дөрвөн настай хүүхдэд “нэгээрээ зогс” гэдэг. Үүнийг багш нь зөвхөн үзүүлэх ёстой. Тиймээс Монголд балетын сургууль бий болох ёстой. Энэ сургуулийн хэрхэн ажиллах үйл явц системтэй байх ёстой. 400, 500 жил хөгжсөн сонгодог урлагийг хөгжүүлэх үүднээс ирэх жилээс Монголын балетын сургууль гэсэн үндэсний хэмжээний сургууль бий болох болов уу гэсэн горьдлого бий. Энэ бол асар их үр өгөөжтэй. Орчин цагт сонгодог урлагаар зөвхөн 10 гаруй хүүхэд сургах биш 10 мянга гаруй хүүхэд суралцах ёстой. Мэргэжлийн хуульч, инженер, сэтгүүлч гэхчлэн тэдэнд урлагийн мэдлэг, өөрийгөө нээж илрүүлэх, төлөвшил, мэдрэмжийг бий болгосноор монголын ирээдүйг авч явах хүмүүс энэ сургуулиас төрөн гарах юм. Ингэж байж монголын ирээдүй харагдана. Түүнд хувь нэмэр болох хамгийн том зэвсэг бол урлаг юм. Тиймээс хүүхдэд багаас нь зөв мэдээлэл өгөхийн тулд энэ сургууль маш чухал. Оросын хот бүрт ballet school байдаг. Гэсэн хэдий ч бид тэднээс илүү гарах боломжтой.

 

-Үндэсний балетын сургууль байгуулах саналыг салбарын яам болон холбогдох албаныхан хэрхэн хэр дэмжиж байгаа вэ?

 

-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай санал солилцсон. Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн гээд балетчин байсан хүн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарын бүгдээрээ урлагт хайртай хүмүүс. Тиймээс энэ сургууль бий болно гэдэгт итгэж байна. Манай УДБЭТ-ын бүжигчид үүнд 100 хувь санал нэгдэж байгаа. Манай балетчид БНХАУ, БНСУ, Япон, Казахстанд болсон тэмцээн уралдаанаас шагнал хүртэж балетаар хэзээ ч гологдохгүй гэдгийг харуулж байгаа. Насанд хүрэгчдийн хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр нь боловсруулаад дэлхий дахинд цацахад бүгд авна. Тиймээс Монгол Улс дэлхийн балетын урлагт хувь нэмрээ оруулж, дэлхийн том гүрнүүдтэй эдийн засгаараа биш гэхэд урлагаараа уралдаж чадах боломж бий.

 

 

 

Холбоотой мэдээ