Асад парламентын сонгуулиа дөрөвдүгээр сарын 13-нд товлолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-23 10:51:09

БЕЙРУТ. /SANA/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад тус улсад дөрөвдүгээр сарын 13-нд парламентын сонгууль явуулах зарлиг гаргажээ.

Башар Асад Ардын их хурлын /парламент/ гишүүдийг сонгох сонгууль явуулах өдрийг 2016 оны дөрөвдүгээр сарын 13-нд товлосон 63 дугаар тогтоол гаргасан байна.

Энэ сонгууль Сирид зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш явуулж буй хоёр дахь сонгууль болох юм. Тус улсад хамгийн сүүлд 2012 оны тавдугаар сард парламентын сонгууль болсон билээ. Тухайн үед сонгогчдын ирц 51 хувьтай байсан байна.

Парламентын сонгуулиас гадна Сирид Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах талаар Асад гадаадын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө нэг бус удаа дурдаж байв. Сирийн ард түмний дийлэнх олонх нь өөрийг нь дэмжиж байгаа бөгөөд сонгуульд оролцохоор төлөвлөж буйгаа тэрбээр цохон тэмдэглэж байсан юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ