Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-20 23:08:40

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн газар зохион байгуулалтын 2015-2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын танилцуулгыг сонсож хэлэлцэв.

Харин аймгийн Газар зохион байгуулалтын 2015-2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын тендерт сонгогдсон “Гео Ботаник” ХХК-ийн зөвлөх инженер И.Мягмаржав төслөө танилцуулсан юм. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь 12-16 жилээр хийгддэг байна. 2013 онд аймгийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний хугацаа дуусч түүнээс хойш жил жилээр төлөвлөгөө хийж иржээ. Уг төлөвлөгөөг сайн боловсруулж, амжилттай хэрэгжүүлбэл Дархан хотын оршин суугчид утаагүй, эрүүл, таатай нөхцөл бүрдсэн орчинд амьдрах бололцоотой болох юм.

Мөн бүх төрлийн хатуу хог хаягдлыг боловсруулж шатахуун болон цахилгаан үйлдвэрлэх төсөл 2017 оноос хэрэгжвэл тус аймгийн хог хаягдлын асуудал бүрэн шийдэгдэж цэвэр цэмцгэр хот болох боломж бүрдэнэ гэж “Тахько” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Буянбат танилцуулсан юм.

Зөвлөлийн гишүүд "Бүх төрлийн хатуу хог хаягдлыг боловсруулж шатахуун болон цахилгаан үйлдвэрлэх төсөл” болон шинээр боловсруулсан “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ