Фижи Парисын уур амьсгалын гэрээг баталсан анхны улс боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-17 12:51:51

СИДНЕЙ. /TASS/.  Бүгд Найрамдах Фижи Улс Парисын уур амьсгалын гэрээг баталсан дэлхийн анхны улс боллоо.

Шинэ Зеландын радиогоор мэдээлснээр, уг баримт бичгийг Фижи улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд Айяз Сайед-Хайим хууль тогтоогчдоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд тус улсын парламент соёрхон баталжээ.

Парисын уур амьсгалын гэрээг өнгөрсөн оны 12 дугаар сард Францын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцид оролцогч талуудын 21 дүгээр бага хурлын дүнд баталсан билээ. Уг гэрээг форумд оролцсон 195 орны төлөөлөгчид бүгд дэмжсэн байна.

Парисын гэрээ нь 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 2017 оны дөрөвдүгээр сарын 21 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байх юм. Уг гэрээнд гарын үсэг зурах ёслол ирэх дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг НҮБ-ын төв байранд болно. Дэлхийн нийт хүлэмжийн хийн хаягдлын 55-аас доошгүй хувийг ялгаруулдаг доод тал нь 55 оронд баталсны дараа уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ