Үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 16:08:25

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа. Тодруулбал, аймгийн 20 сумын Засаг дарга, 22 агентлагийн даргатай гэрээ байгуулсан байна.

Гэрээний хувьд Засгийн газар, аймаг орон нутгийн бодлого, шийдвэрийг нарийвчлан тусгаж өгснөөрөө урьд жилүүдэд байгуулж байсан үр дүнгийн гэрээнүүдээс давуу талтай, ач холбогдол өндөртэй гэрээ болжээ. 

Мөн өдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 сургууль, 36 цэцэрлэгийн эрхлэгч, 23 соёлын төвтэй үр дүнгийн гэрээг аймгийн Боловсрол, соёлын газартай гурвалсан байдлаар байгуулсан байна. Ингэснээр алдаа дутагдал гаргасан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хариуцлага тооцох боломжгүй байсныг өөрчилж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аливаа сургууль цэцэрлэгтэй холбоотой зөрчил маргаан гарсан тохиолдолд сумдын удирдлага, харъяа агентлагийн зүгээс сахилгын арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж өгчээ. Өмнө нь аймгийн Засаг дарга л хариуцлага тооцох эрхтэй байсан нь тухайн сум, орон нутгийн удирдлагуудаас ангид асуудал мэт учир дутагдалтай бөгөөд байсаар ирсэн аж.

Сонирхуулахад, Баянхонгор  аймагт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн  Ерөнхий боловсролын 29,  төрийн өмчийн 32, төрийн бус өмчийн 4 цэцэрлэг үйл ажиллагааг явуулж цэцэрлэгийн хамран сургалтыг 90 хувьд хүргэх, сургалтын орнчыг сайжруулж суралцагчдад хүртээмжтэй чанартай үйлчилгээг хүргэх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулах,  зорилт тавин ажиллаж байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ