Сирийн талууд хоорондын хэлэлцээг түр зогсоов

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-04 10:02:11

ЖЕНЕВ. /TASS/. Сирийн талууд хоорондын хэлэлцээг хоёрдугаар сарын 25 хүртэл түр зогсоосныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын энэ улсын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура тус улсын сөрөг хүчний Эр-Риядын бүлэгтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.

“Хэлэлцээг түр зогсоосон. Бид хоёрдугаар сарын 25-нд Женевт дахин цуглана” гэж тэрбээр хэлсэн байна. Талууд Сирийн ард түмний хүмүүнлэгийн асуудлыг хөнгөвчлөх тодорхой зорилтуудыг шийдэхэд бус хэлэлцээг хэрхэн явуулах асуудлуудыг хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулсан нь хэлэлцээг түр зогсоох шалтгаан болсныг Ди Мистура онцлон хэлжээ. Үүний сацуу де Мистура Сирид үргэлжилж буй цэргийн ажиллагаанаас, тухайлбал, ОХУ-ын явуулж буй ажиллагаанаас хүндрэл үүсч байж болзошгүй гэдэг таамаглалыг няцаасан байна. “Ийм асуудлыг хэлэлцээгүй” гэж тэрбээр онцлон хэлжээ. Де Мистура мөн хоёрдугаар сарын 4-нд болох Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх асуудлаарх бага хуралд оролцохоор Лондон хотыг зорьж байгаагаа  мэдэгдсэн байна.

Сирийн талууд хоорондын энхийн хэлэлцээг хойшлуулсанд тус улсын Засгийн газрын төлөөлөгчид сөрөг хүчний төлөөлөгчдийг буруутгажээ. Энэ тухай Дамаскийн төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-д улсаа төлөөлөн суугаа Башар Жаафари мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Эр-Риядын эрх баригчид дэмжлэг үзүүлдэг сөрөг хүчний "Хэлэлцээ хийх дээд хороо" хэлэлцээний үйл явцаас гарахыг хүссэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн элч төлөөлөгчийг уг хэлэлцээг хоёрдугаар сарын 25 хүртэл хойшлуулахыг мэдэгдэхээс аргагүйд хүргэжээ. Хэлэлцээнээс гарах зааварчилгааг сөрөг хүчнийхэн Саудын Араб, Катар, Туркээс авсан гэж Жаафари хэлсэн байна. Албан ёсны төлөөлөгчид Женевт эргэн ирэх тухайд ярихдаа тэрбээр эхлээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистуратай уулзалт хийх хэрэгтэй гэжээ. “Бид энэ асуудлыг тусгай элч төлөөлөгчтэй хэлэлцсэний үндсэн дээр шийднэ” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ