Ирэх сарын дундуур нэгдсэн журмаар нүүдэл хийхийг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:57:42

Баян-Өлгий аймагт өвөлжилтийн байдал нэн хүнд байгаа сумдын нэг Цэнгэлд он гарсаар мянга орчим толгой мал хорогдсон байна.

 Намрын эхээр цас орсоор арван хоёрдугаар сарын дунд үеэс хүндэрсэн. Ихэнх малчид үхэр, адуу, нэг настай малыг гардан тэжээж байна. Аймгийн нөөцнөөс 160 орчим тонн өвс, 470 гаруй тонн тэжээл авч малчдад тараан, 10 тонн өвс, таван тонн тэжээлийг Даян нуур дахь нөөцнөөс авахаар болжээ.

Сумын Засаг дарга Т.Ташкен, Өвөлжөөнд байсаар байх боломжгүй болсон зарим багийн малчид 50-150 км-т оршдог хаваржаандаа нүүхээр зүтгэж байгаа ч өмнөөс нь 60 см цастай нутаг угтаж байгаа тул малчдад түр азнаж хоёрдугаар сарын дунд үеэр нэгдсэн журмаар нүүдэл хийхийг, бас эх малнаасаа бусад хэсэг малыг өвөлжөөндөө түр үлдээхийг зөвлөөд байна. Нэгдсэн журмаар нүүвэл бид давааны замын цасыг арилгах зэрэг боломжийн бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэж ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ