Үндсэн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар батлахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-14 13:10:17

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Сонгуулийн тухай хууль  Улс төрийн намын тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэж, батлахыг УИХ-ын даргаас хүслээ.

“УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн санаа бодлыг сонсч, тухайн асуудлыг холбогдорх албан тушаалтанд уламжлах замаар иргэдийн эрх ашгийг хамгаалах юм” хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ хүрээнд өдөр бүр Баянзүрх, Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байна. Иргэд Улаанбаатар хотод үүсээд буй хэд хэдэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар мэдээлэл ирүүлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлж байна. Мөн иргэд Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлах санал ирүүлсэн. Тиймээс дээрх хуулийг намрын чуулганаар хэлэлццэхийг УИХ-ын дарга, гишүүдээс хүсч байна хэмээн Ж.Батзандан гишүүн онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү ажлыг иргэд дэмжиж байгаа. Гэхдээ дахин төлөвлөт явуулж буй аж ахуйн нэгжүүд өнөөдөр дампуурлын ирмэгт иржээ. Аж ахуйн нэгжүүд газар чөлөөлөх болон иргэдийг түрээсийн байранд оруулах, түр амьдрах орон сууцаар хангахад олон тэрбум төгрөг зарцуулсан. Тиймээс санхүүгийн хүндрэлд орж байна. Дахин төлөвлөлтийг НЗДТГ хариуцаад хийх ёстой. Гэтэл УИХ-д энэ ажилтай холбоотой олон гомдол ирж байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд шалгалт хийсэн. Шалгалтын дүнг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогыг шинэчлэн, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэлгүйгээр зохион байгуулахыг Э.Бат-Үүл даргаас хүсч байна” гэлээ.

Түүнчлэн, “СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах чиглэлээр иргэдээс олон хүсэлт ирсэн. СӨХ сар бүр их хэмжээний мөнгө татдаг хэдий ч иргэдийн өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэдэггүй. Тиймээс энэ байгууллагыг татан буулгаж, шинэчлэх хэрэгтэй.

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэн зохион байгуулсантай холбоотой гомдол олон ирлээ.  Тухайлбал, Хотын захаас төвд ирж ажилладаг хүн 2-3 автобус дамжиж байна. Үүнээсээ болж ажлаасаа хоцрох, цалингаа хасуулах зэрэг хүндрэл үүсч байна.

Мөн Цахим газар олголтод ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамарч чадахгүй байна. Тиймээс цахимаар газар олгох системээ шинэчлэн, хүн бүрт ойлгомжтой, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг хотын даргаас хүсч байна” гэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд