“Оюу толгой” өнгөрөгч онд 202.200 тн зэс үйлдвэрлэжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
gantuya@montsame.mn
2016-01-19 12:28:27

“Оюу толгой” компани 2015 онд 202.200 тонн зэс үйлдвэрлэсэн /баяжмал дахь агуулгаар тооцогдож байгаа болно/ нь “Туркойз Хилл”-ийн хүлээж байсан үр дүнгээс 7200 тонноор давжээ.

“Оюу толгой” компани 2015 оны IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тайланд дурдсанаар IV улиралд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлж, үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Үүний үр дүнд тайлант улиралд баяжмал дахь агуулгаар зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 хувиар нэмэгдэж, ил уурхайн хоёр дахь үе шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Ингэснээр үр дүнд алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгдэж, 2015 онд алт үйлдвэрлэл нийт 653,000 унцид /баяжмал дахь агуулгаар/ хүрч, төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн байсан.

2015 он “Оюу толгой” компанийн бүтэн жил үйлдвэрлэл явуулсан хоёр дахь жил бөгөөд энэ онд уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус өссөн тухай тайланд дурджээ.

Тайлангийн талаар “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “2015 онд манай хамт олны ажил үйлс олон үзүүлэлтээр амжилттай гарч буйг тэмдэглэхэд таатай байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, үүн дотроо зэсийн үйлдвэрлэлийг төлөвлөгөөнөөс давуулан биелүүллээ. Аюулгүй ажиллагаа манай ажлын гол цөм байж, бид Рио Тинто группын хэмжээнд аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа. 2015 онд олон чиглэлээр дэвшилт гарган ажилласан хэдий ч бидний гадаад орчин, ялангуяа түүхий эдийн зах зээл сорилт дагуулсан хэвээр байна. Иймд бид далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх бэлтгэлийг хангахын зэрэгцээ, осол аюулыг тэглэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэх, зардлыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлага урган гарч байна. “Оюу толгой”-н хамт олон 2016 онд үйл ажиллагааны шинэ түвшинд гарч, өрсөлдөөнт бизнесийн орчинд компанийн өсөлтийг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэгвэл 2016 онд “Оюу толгой” 175,000-195,000 тонн зэс, 210,000-260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байгаагаас алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ

Н.Гантуяа

Холбоотой мэдээ