Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгнө гэсэн ч "Гацуурт"-ыг ашиглуулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-19 08:36:08

БИШКЕК. /AKIpress/. “Гацуурт” ордын асуудлыг шийдэхгүй бол Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж Канадын уул уурхайн “Centerra Gold Mongolia” компани мэдэгдсэн байна.

Тус компани нь “Бороо гоулд” компаниар дамжуулан Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан байна. Харин “Бороо” ордын баялаг шавхагдсанаас хойш “Гацуурт” ордын бүтээн байгуулалтын ажлын тухай шийдвэр гарахыг Канадын компани хоёр жил гаруй хүлээжээ. “Гацуурт” нь Монголын алтны томоохон ордуудын нэг юм.

Монголын зарим улс төрч, байгаль хамгаалагчид, эрдэмтэд “Гацуурт”-ын ордыг ашиглахыг эсэргүүцсэнтэй холбоотойгоор тус ордын асуудал шийдэгдээгүй жил хагасын хугацаа өнгөрсөн байна.

Алтны орд байгаа хэсгээс Хүннүгийн үеийн олдворууд олджээ. Мөн алт олборлох зөвшөөрөл өгвөл тус нутгийн гол ус ширгэж, ой мод сүйтгэгдэж, ноцтой хохирол гарч болзошгүйг байгаль хамгаалагчид анхааруулжээ.

Монголын эдийн засгийн хямралаас болж, тус улсын парламент /УИХ/ нэлээд хүндхэн байдалд ороод байгаа бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх шийдвэр гаргасан байна.

Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж “Centerra Gold Mongolia” компани сүрдүүлсэнд сэтгэл хангалуун бус байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр зарим гишүүн илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ