Өмнөд Солонгос Шар тэнгист сургуулийн буудлага хийв

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-15 15:56:31

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ хөлөг онгоцууд баасан гарагт Шар тэнгист сургуулийн буудлага хийсэн байна. Энэ тухай тус улсын ТЦХ-ний командлал мэдээлжээ.

Таван хөлөг онгоц оролцсон уг сургуулилт нь “флотын байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой” гэж тус яам мэдэгдсэн байна.

Сургуулилтын явцад хоёр Солонгосын далайн хил болох Хойд хилийн шугамыг хамгаалах тактик боловсруулжээ. 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны дараа АНУ дангаар тогтоосон энэ хил хязгаарыг Умард Солонгос хүлээн зөвшөөрдөггүй байна. Үүнээс гадна, хөлөг онгоцны их буунуудаас гал нээх, шумбагч мина хаях сургуулилт хийснийг Өмнөд Солонгосын ТЦХ-ний командлал онцлон дурджээ. Урьд нь энэ бүс нутагт Умард Солонгос болон Өмнөд Солонгосын хөлөг онгоцуудын хооронд нэг бус удаа мөргөлдөөн болж байв. 2010 онд энд Өмнөд Солонгосын хөлөг онгоц дэлбэрэлтийн улмаас живсэн билээ. Сөүлийн эрх баригчид үүнд Умард Солонгосыг буруутгасан боловч Пхеньяны эрх баригчид эрс няцаадаг. Умард Солонгос энэ сарын 6-нд цөмийн бөмбөг туршсаны дараа Солонгосын хойгийн байдал хурцадсан юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ