Жакартагийн халдлагыг лалын хэт давруу үзэлтэн зохион байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-15 15:32:02

БАНГКОК. /TASS/. Индонезын нийслэл Жакарта хотод пүрэв гарагт болсон халдлагыг тус улсын лалын хэт давруу үзэлтэн Бахрун Наим гэгч зохион байгуулжээ. Түүнийг Сирид нуугдаж байгаа гэж таамаглаж байгаа аж. Энэ тухай Жакарта хотын Цагдаагийн газрын дарга Тито Карнавиан мэдээлжээ.

Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, Наим одоо Сирийн Ракка мужид байгаа бөгөөд “Лалын улс” бүлэглэлийн талд байлдаж байгаа аж.  “Наим “Лалын улс”-ын Зүүн Өмнөд Ази дахь бүс нутгийн жигүүрийн толгойлогч болох зорилготой. Гэвч түүнд өөр өрсөлдөгчид бий” гэж тэрбээр мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Индонез улсад үйлдсэн халдлага нь бүс нутагтаа “манлайлдаг гэдгээ харуулах” зорилготой байжээ. Жакартад халдлага үйлдсэн таван террорист бүгд Индонезын иргэд байсныг Карнавиан мөн нотолсон байна.

Бахрун Наим нь Төв Ява мужид интернэт кафе ажиллуулдаг байсан бөгөөд 2011 онд хууль бусаар зэвсэг хадгалсан, онц байдлын дэглэмийг зөрчсөн хэргээр 2.5 жил хоригдох ял авчээ. Тусгай албаныхны мэдээллээр, тэрбээр шоронгоос суллагдсаныхаа дараа Сирийг зорьсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ