Үндсэн хууль батлалцсан хоёр гавьяатад хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 14:38:45

Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нар Шинэ үндсэн хууль батлалцсан хоёр гавьяатыг хүлээн авч уулзлаа.

Бүх хуулийн суурь нь болсон үндсэн хууль батлахад оролцсон Монгол улсын гавьяат эдийн засагч Ү.Цэдэнбал, Монгол Eлсын хүний  гавьяат  эмч Ж.Даваабал нарт Шинэ үндсэн хуулийн өдөр аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, орон нутгийн хөгжил дэвшил, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.

Одоогоос 24 жилийн өмнө Үндсэн хууль батлалцах үедээ Монгол Улсын гавьяат эдийн засагч Ү.Цэдэнбал  нэгдэл гэж байх үед Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн дарга, Хүний гавьяат эмч Ж.Даваабал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт эх баригч эмчээр ажиллаж байжээ.

Ү.Цэдэнбал аймаг орон нутгийн хөгжилд сэтгэл хангалуун байгаагаа хэлж , ялангуяа барилгын салбар эрчимтэй хөгжиж байгааг дурьдаад, босоо тэнхлэгийн зам  хөгжлийг хурдасгаж асар их ач холбогдолтой зам болж байгааг үнэллээ. Тэрээр "аймгийн төвөөс Манхан сум руу нэг цагийн дотор явж хүрч байна. Бараг Манхан сумаас ажилд явахаар болсон байна” гэлээ.

Харин Хүний гавьяат эмч Ж.Даваабал 1976 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж Ховдын ард түмний эрүүл энхийн төлөө эх хүүхдийн төлөө нөр их хөдөлмөрөө зориулж ирсэн эрхэм хүний нэг. Тэрээр жил бүр хүндэтгэн хүлээн авч уулздагт талархаж суурь Үндсэн хуулийг хүүхэд багачуудад багш нараар дамжуулан сайн сурталчилж байх хэрэгтэй гээд Ховд аймгийн бүтээн байгуулалт хүчирхэгжиж байгаад баяртай байдгаа хэллээ..

2015 онд Ховд аймаг эх хүүхдийн эндэгдэл гаргаагүй. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн төдийгүй, бүх хүмүүсийн хүчин чармайлт гэж гавьяат эмч Ж.Даваабал онцлоод аймгийн Амаржих газарт төрж байгаа эхчүүд дутуу төрөлт ихтэй байгаад санаа зовж байгаагаа хэлэв. 

Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан Амаржих газарт нярай хүүхдүүдэд зориулж хүчилтөрөгчийн аппаратттай болоход 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэдгээ хэллээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөд тэднээс санал авч албан ёсоор УИХ-д өргөн барих бодолтой байна гэв.

Ховд аймгаас тулгуур хууль батлахад дээрх хоёр гавьяатаас гадна 18 хүн оролцсоноос Цэцэг суманд малчин Ш.Баттулга, Улаанбаатар хотод Баяндалай,Пүрэвдорж, Санжаа, Балсанжамц нар ажиллаж амьдарч байгаа аж.

Шинэ Үндсэн хуулийн энэ өдөр эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа Ц.Даваажавд төрийн дээд  “Алтан гадас” одон гардууллаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ