Х.Болдбаатар:Манай сум алслагдмал учир гадны компаниуд тендэрт бараг оролцдоггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 16:26:45

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын орлогч Х.Болдбаатартай сүүлийн жилүүдэд Бөхмөрөн суманд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.

-Өнгөрч буй 2012-2015 онд танай суманд улсын төсвийн болон аймаг, сумын ОНХС-гийн хөрөнгөөр ямар ажлууд хийгдээд байна вэ?

-Энэ хугацаанд манай суманд улсын төсвийн хөрөнгөөр 900 орчим сая төгрөгийн засварын ажил хийгдсэн. Тухайлбал, Соёлын төв, сургууль, Хүн эмнэлэг, дотуур байрны барилгын засварын ажлууд байна. Мөн сумын төв гудамжинд 600 метр бетон замыг 100 сая төгрөгийн хөрөнгөөр тавьсан.

ОНХС-гийн суманд хуваарилагдсан 883.8 сая төгрөгөөр хөдөөгийн хоёр багийн төвд мал тарилгын хашаа, сумын төв доторх явган хүний зам, сайжруулсан шороон зам, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, худаг засвар, цэцгийн мандал, авто зогсоол байгуулах зэрэг ажлыг хийлээ. Тэрчлэн дэд станцад хүчдэл сайжруулах трансформатор, сургуульд биеийн тамирын талбай байгуулж, “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, төрийн байгууллагуудыг интернэтэд холбосон. Үүнээс гадна Иргэний танхимаа тохижуулж, Хар алтат багийн төвийн конторын барилгыг шинээр барьж, Гурван жигэртэй багийн конторын барилгад засвар хийж, сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийлгэж, ариун цэврийн байгууламж бий болгосон зэрэг ажлыг хийж хэрэгжүүлээд байна.

Улсын болон аймаг, сумын ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын үр дүнд сум орон нутгийн маань өнгө үзэмж сайжирч, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдээд байна.

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч нарыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?

-Манай сум төвөөс алслагдмал, тээврийн зардал өндөр гардаг тул гадны компаниуд орон нутгийн тендэрт тэр бүр оролцоод байдаггүй. Иймээс орон нутгийнхаа компани, аж ахуйн нэгжүүдийг түшиглэж ажлаа явуулдаг. Тэгээд ч манай сум байгалийн баялаг элбэг тул тоосго цохих, боржуур тавих гэх мэт барилгын ажилд нутгийнхаа байгалийн баялгийг ашиглаж байна. Иргэд өөрсдийн компанийнхаа нэр хүндийг бодоод тендэрийн ажлаа чанартай, чин сэтгэлээсээ сайн гүйцэтгэдэг.

-Улсын болон аймаг, сумын ОНХС-гийн хөрөнгөөс гадна өөр ямар нэгэн эх үүсвэрээр сум орон нутагтаа хийсэн ажил байна уу?

-Байлгүй л яахав. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын хүчээр Хар алтат багийн төвийг өндөр хүчдэлд холбосноос гадна сумын төвд халуун ус, саун, наадмын талбайг байгуулаад байна.

Мөн “Дэвшил-Увс” компани 2013 онд өөрийн хөрөнгөөр сумын төвийн төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбосон нь аймагтаа анхдагч болж, төрийн албан хаагчид ая тухтай, дулаахан орчинд ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ