“Монгол шуудан” ТӨХК-ний хувьцаанаас 6.3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-08 13:42:48

“Монгол шуудан” ТӨХК-ний 34 хувь буюу 6.3 тэрбум төгрөгийн энгийн хувьцааг анхдагч зах зээлд борлуулах арилжааны нээлт өнөөдөр Монголын хөрөнгийн биржид боллоо.

Сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй цэвэр ашигтай ажилласан тус компанийн нэгж хувьцааны доод үнийг 185 төгрөгөөр тогтоосон бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс 12,6 тэрбум төгрөгийн хувьцаа худалдан авах захиалга ирүүлжээ. Энэ нь нийт борлуулах хувьцаанаас 2 дахин их хөрөнгө юм. Тус компанийн хувьчлалаар хуримтлагдах хөрөнгийг автозамын ложистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арилжааг нээж цан цохихдоо онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Хөрөнгийн бирж буюу Андеррайтерийн зүгээс хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэх үүднээс 10 мянган ширхэгээс бага тооны хувьцаа худалдан авах, захиалга өгсөн жижиг хөрөнгө оруулагчдын захиалгыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлжээ. “Монгол шуудан” компани ил тод, нээлттэй засаглалын үлгэр дууриалыг бусад компаниудад үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ