Францын олсон дээр явагч 30 метрийн өндрөөс унаж амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-08 13:11:33

ПАРИС. /TASS/. Францын олсон дээр явагч алдартай тамирчин, “Flying Frenchies” акробатчдын багийг үүсгэн байгуулагч Танкред Меле мягмар гарагт 30 метрийн өндрөөс унаж амиа алдсан байна. Энэ тухай “Flying Frenchies”-ийн “Facebook” нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд мэдээлжээ.

32 настай байсан Меле Францын зүүн өмнөд нутагт оршдог Дром мужид агаарт хөөргөсөн агаарын бөмбөлгүүдийн хооронд татсан олсон дээгүүр явах бэлтгэлээ хийх гэж байхдаа амиа алдсан байна. Францын хэвлэлүүдэд мэдээлснээр, Меле агаарын бөмбөлгийг хөөргөхөөр бусад нөхдийнхөө хамт газарт байсан байна. Гэтэл агаарын бөмбөлөг гэнэт хөөрч, олсон дээр явагч ханцуйгаараа сагсны ирмэгт тээглэгдэж дээш хөөрчээ. Тэрбээр 30 орчим метрийн өндрөөс газарт унажээ. Меле мөн уулчин бөгөөд өндөр зэрэглэлийн тамирчин байсан гэж "Flying Frenchies" мэдээлсэн байна. Экстрим спортоор хичээллэхээсээ өмнө тэрбээр инженерээр ажилладаг байжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ