Умард Солонгосын Элчин сайдыг дууджээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2016-01-08 10:42:36

ЛОНДОН. /Xinhua/. Цөмийн туршилт явуулсан талаарх мэдээллээс улбаалан, БНАСАУ-ын Лондон хот дахь Элчин сайдыг Их Британийн Гадаад болон хамтын нөхөрлөлийн орнуудын хэрэг хариуцсан сайд Уго Свайр дуудсан байна.

“Умард Солонгос цөмийн туршилт явуулсныг эрс буруушааж байгаагаа мэдэгдэхээр” тус улсаас Их Британид суугаа Элчин сайд Хён Хак Боныг дуудсан тухайгаа Свайр мэдэгдэв.

“Цөмийн туршилт явуулсан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг илэрхий зөрчсөн бөгөөд Умард Солонгосын дэглэмийг эсэргүүцэж, бодитой арга хэмжээ авах тухай НҮБ-ын шийдвэрийг Их Британи дэмжиж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Умард Солонгосын хамгийн сүүлд хийсэн туршилт “Солонгосын хойгийн аюулгүй байдал, энх тайван болоод олон улсын аюулгүй байдалд илэрхий заналхийлсэн” гэж эрс буруушааж, Их Британи болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бусад гишүүн орон мэдэгдэл хийснийг сайд тэмдэглэв.

Х.Аминаа

Холбоотой мэдээ