Обама жил тутмын илгээлтээ тавина

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-01-07 10:15:28

ВАШИНГТОН. /TASS/. Нэгдүгээр сарын 12-нд тавих “Улс орныхоо байдлын тухай” жил тутмын илгээлтдээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа ирээдүйд гол анхаарлаа хандуулна. Энэ тухай тэрбээр дүрс бичлэгээр хийсэн товч мэдээлэлдээ дурдсаныг Цагаан ордон лхагва гарагт нийтэлжээ.

“Илгээлтээ тавих үеэрээ би бидний хүрсэн томоохон ахиц дэвшлийг, энэ онд ямар алхам хийхийг хүсч байгааг төдийгүй ирэх жилүүдэд бид хамтдаа хийх ёстой, үр хүүхдүүдээ илүү хүчирхэг, хөгжин цэцэглэсэн Америк орныг бий болгох чухал зүйлүүдийг голчлон ярихыг хүсч байна” гэж Обама хэлээд энэ нь түүний ард түмэндээ хандан хэлэх сүүлчийн илгээлт болохыг онцлон дурдсан байна.

Обама мөн илгээлтдээ өнгөрсөн оны 12 дугаар сард төсвийн асуудлаар Конгресстой хүрсэн тохиролцоо, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээ, уур амьсгалын  өөрчлөлтийн асуудлууд, АНУ-ын нефть олборлолтын хэмжээ нэмэгдэж байгааг, мөн тус улсын гэмт хэргийн асуудлыг хөндөнө. “Улс орны байдлын тухай” Обамагийн хамгийн сүүлийн илгээлт нь өмнөх мэдэгдлүүдээс ялгаатай байх бөгөөд уламжлалт бус байна гэж Цагаан ордон урьд нь мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ