ОХУ Туркт шахалт үзүүлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-06 11:30:18

МОСКВА. /NHK/. Турк химийн зэвсгийн материал гадагшаа гаргаж байж болзошгүйд олон улсын шалгалт оруулахыг уриалж, мөн тус улсын агаарын тээврийн компанийн ажилтнуудад виз олгохгүй байх зэргээр ОХУ Туркт шахалт үзүүлсээр байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны зэвсгийн хяналтын асуудал хариуцсан дарга Михаил Ульянов өчигдөр улсынхаа мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө Сири дэх химийн зэвсгийн асуудлыг сөхжээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид болон бусад дайчид Сирид химийн зэвсэг ашигласан байж болзошгүй тухай мэдээлснийг Михаил Ульянов онцлон тэмдэглээд, энэ нь 2013 оны гуравдугаар сард Алеппо хотын захад болсон химийн зэвсгийн халдлагын дараа болсон гэж мэдэгдсэн байна.

Зарин хий /фосфортой хордуулагч бодис/ гаргаж авахад ашигладаг материалыг Турк Сири дэх “Лалын улс” бүлэглэлд нийлүүлдэг байж болзошгүй тул үүнд олон улсын шалгалт оруулахыг Ульянов уриалсан байна.

Мөн тэрбээр, Химийн зэвсгийг хориглох байгууллага болон НҮБ уг асуудлыг хамтран шалгах хэрэгтэй бөгөөд тэдний ямар алхам хийхийг ОХУ сайтар ажиглаж байна гэж мэдэгджээ.

Туркийн “Pegasus” агаарын тээврийн компани ОХУ-аас болон тус улс руу хийх нислэгээ ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл хойшлуулсан байна. Учир нь тус компанийн нислэгийн багийн гишүүд ОХУ-аас виз авах боломжгүй болжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ