Трамп: “Лалын улс”-ыг Хиллари Клинтон үүсгэсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 16:11:10

МИССИСИПИ. /Telegraph/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах болон Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөгчдийг тэргүүлэгчдийн хооронд тэмцэл үргэлжилж буй энэ үед “Лалын улс”-ыг Хиллари Клинтон үүсгэсэн гэж Дональд Трамп буруушаав.

АНУ-ын Миссисипи муж улсад болсон сонгуулийн кампанит ажлынхаа цуглааны үеэр, 15 мянган дэмжигчдээ хандан үг хэлэхдээ тэрбээр Хиллари Клинтоны гадаад бодлогын туршлагыг шүүмжилсэн байна.

“Обаматай хамтран Хиллари Клинтон “Лалын улс”-ыг үүсгэсэн” гэж Миссисипи муж улсын Билокси хотод тэрбээр хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн удирдлага дор дөрвөн жил Төрийн нарийн бичгийн даргын албыг Хиллари Клинтон хашсаны дараа, дэлхий дахинд эмх замбараагүй байдал дэгдсэн гэж Бүгд найрамдах намынхан түүнийг удаан шүүмжилсэн билээ. “Лалын улс” хүчээ авсны гол буруутан нь Хиллари Клинтон хэмээн үзсэнээрээ Трамп уг шүүмжлэлийг улам хурцатгалаа.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ