Уул уурхайн сайдыг огцрохыг шаардав

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2015-12-21 14:03:45

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж, өнөөдрөөс Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улс төрийн суулт зарлав.

УУЯ, Ашигт малтмалын газар энэ оны 8 дугаар сарын 13-нд “Гутайн даваа” компанид Урт нэртэй хууль зөрчин Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн АНУ-ын үндэсний хөтөлбөрийн газраас зайлшгүй хамгаалах ёстой дэлхийн 20 том ай сав газар, эко бүс нутгийн нэгээр Амар мөрнийг нэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангаас Хэнтий аймгийн газар нутгаар дамжиж, Амар мөрөнд цутгадаг Онон голын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг аж.

Тиймээс дээрх төрийн бус байгууллагын зүгээс Онон голын сав газарт хууль зөрчин олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, хариуцлага алдсан Уул уурхайн сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ