Дорноговийн шилдэг шатарчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 08:50:06

Дорноговь аймгийн ИТХ, Ардчилсан нам, Шатрын холбоо, БТСГ хамтран аймгийн шилдэг шатарчдын тэмцээнийг 12 дугаар сарын 12-13-нд Сайншанд суманд  зохион байгууллаа.

Тус тэмцээнд Сайншанд, Хатанбулаг, Айраг, өргөн, Алтанширээ, Мандах зэрэг сумаас  100 гаруй шатарчин өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын ангиллаар эрэгтэй, эмэгтэй төрөлд авъяас чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээний таваас долоон насны эрэгтэй тамирчдаас тэргүүн байрт Сайншанд сумын О.Хүслэн-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Сайншанд сумын өсвөрийн тамирчин Д.Уранмарал шалгарсан бол  наймаас арван хоёр насны ангилалд тэргүүн байрт  Э.Мөнхбаяр, эмэгтэйчүүдээс тэргүүн байрт Э.Сансармаа нар шалгарлаа. Харин 13-17 насны эрэгтэйчүүдийн тэмцээнийг өсвөрийн тамирчин  Г.Ихбаяр, эмэгтэйчүүдээс Т.Хоролсүрэн нар тэргүүлсэн бол  ахмадуудаас  аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Г.Хадбаатар,  эмэгтэйчүүдээс Н.Дуламсүрэн манлайлав. Насанд хүрэгчдийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Сайншанд сумын тамирчин Х.Баярхүү, эмэгтэйчүүдээс аймгийн Төв номын сангийн ажилтан Э.Цэндсүрэн нар тэргүүн байрт шалгарав. Тэмцээний эхний таван байрт шалгарсан тамирчдыг зохион байгуулагчид өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагналаа.

Мөн энэ үеэр  ирэх оны нэгдүгээр сард  УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийг төлөөлөн  оролцох  тамирчдыг шалгаруулсан бөгөөд эхний байрт Сайншанд сумын харьяат ШУТИС-ийн оюутан О.Тэнүүн, удаах байрт Хатанбулаг  сумын  Г.Баттүвшин, эмэгтэйчүүдээс аймгийн Төв номын сангийн ажилтан Э.Цэндсүрэн нар шалгарч улсад оролцох эрх, аймгийн ИТХ-ын мөнгөн шагналыг гардав.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ