Иран, ОХУ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-15 11:09:32

МОСКВА. /IRNA/. Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “С-300” пуужингийн систем худалдах гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ Иран, ОХУ биелүүлж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан зөвлөх Владимир Кожин мэдэгдэв.

Урьдчилан төлбөр хийх үүргээ Иран биелүүлж байгаа бол бид пуужингийн системийг цаг тухайд нь хүргэх үүргээ биелүүлж байна гэж тэрбээр мэдэгджээ.

“С-300” пуужингийн системийг нийлүүлэхэд цаг хугацаа шаардлагатай бөгөөд уг ажил 2016 он дуустал үргэлжилнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ОХУ-ын “С-300” пуужингийн системийг Иранд нийлүүлэх гэрээг талууд 2007 онд байгуулсан боловч Иранд зэвсэг нийлүүлэхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол гарсантай холбогдуулан 2010 онд гэрээг цуцалжээ.

Иранд авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах гэрээнд тус улс болон “5+1” бүлэг гарын үсэг зурсны дараа буюу энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “С-300” пуужингийн системийг нийлүүлэх хоригийг цуцалсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ