Умард Солонгостой яриа хэлцээ хийхийг оролдоно гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-15 10:11:55

СӨҮЛ. /Yonhap/. Сүүлд хийсэн яриа хэлцээ амжилттай болоогүй ч, Умард Солонгостой харилцаагаа сайжруулахыг чармайх болно гэж Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтан мэдэгдлээ.

“Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох, Өмнөд-Умард Солонгосын харилцааг сайжруулах хүчин чармайлтаа алхам алхмаар үргэлжлүүлж, яриа хэлцээ хийх хаалгыг Өмнөд Солонгосын Засгийн газар нээлттэй орхино” гэж тус улсын Үндэсний нэгдлийн сайд Хон Ён Пёо хэлсэн байна.

Солонгос хоорондын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах талаарх парламентын хэлэлцүүлгийн үеэр тэрбээр үг хэлсэн байна.

Хоёр Солонгосын хооронд ховорхон болдог дэд сайд нарын уулзалтыг хоёр улс өнгөрсөн долоо хоногт хийсэн боловч хэлэлцээрт хүрээгүй юм. Мөн ахиад уулзалт хийх өдрийг ч тэд товлоогүй байна.

Умард Солонгосын зүүн эргийн Кумган ууланд хийдэг байсан хамтарсан аяллын хөтөлбөрийг сэргээх талаар Умард Солонгос “хүчтэй шаардсан” гэж сайд тайлбарлажээ.

2008 онд өмнөд солонгос жуулчныг буудан хөнөөсөндөө Умард Солонгос уучлалт гуйж, дахин тийм хэрэг гарахгүйг нотлох хэрэгтэй гэсэн баттай байр суурьтай байдгаа Сөүл илэрхийлдэг юм.

Яриа хэлцээг сэргээхийг Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн яам олны өмнө Умард Солонгост хэлэлцээний өмнө уриалсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ