Ц.Сүхбаатар: Баярын дараагаас яриа хэлцээг илүү идэвхтэйгээр үргэлжлүүлнэ

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2015-09-09 18:31:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Си Зинпиний урилгаар Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны түүхт 70 жилийн ойн баяр ёслолд оролцоод ирсэн билээ. Ерөнхийлөгчийг дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар Хятадын удирдагчидтай хийсэн уулзалтын дараа МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчид товч ярилцлага өгснийг хүргэж байна.  

-Хятад улсын удирдагчидтай хийсэн та бүхний уулзалтын үеэр хэлэлцсэн үндсэн асуудлууд юу байсан бэ, уулзалтын ач холбогдлын талаарх таны бодлыг сонсъё?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын даргын урилгаар Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны түүхт 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох явцдаа хоёр том чухал уулзалт хийлээ.  Хятад Улсын удирдагч Си Зинпин болон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзсан. Си Зинпин даргатай хийсэн уулзалтын явцад ерөнхийдөө манай улсын анхаарлыг татаж буй хэд хэдэн гол асуудлаар товч бөгөөд тодорхой хэлбэрээр санал солилцлоо. Тодруулбал, манай улсын уул уурхайгаас бусад салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нэлээд чухал асуудлыг хөндөн ярилцсан болно.

Өөрийн орны зах зээлд Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх тал дээр Хятадын тал нааштай хандаж, уг асуудлыг аль болохоор нухацтай судлан үзэж, нааштайгаар шийдвэрлэх чиглэлээр ажиллая гэсэн яриа хөөрөө явагдлаа. Үүнд энэ удаагийн уулзалтын ач холбогдол оршино гэж би бодож байна.

-Хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт ямар шатанд байна гэж та бодож байна вэ?  

-Ер нь бол дэлхий даяар эдийн засгийн байдал ярвигтай байгаа. Хятадын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн нэг томоохон хэсэг, дэлхийн хоёрдахь том засаг, энэ утгаараа Хятадад гарч буй зарим хүндрэлүүд манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Хоёр талын худалдааны хэмжээ гэхэд өнөөдөр 7 орчим тэрбум долларт хүрчээ. Бидний экспортолж буй бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь Хятадын зах зээлд борлуулагддаг. Харин импортолж буй барааны маань 33-34 хувь нь  Хятадаас нийлүүлэгддэг. Үүнээс харвал, хоёр орны эдийн засаг нягт холбоотой болох нь илэрхий харагдана. Ийм учраас Хятадын эдийн засагт учирсан зарим хүндрэл манай улсад нөлөөлж байгаа юм.

Ялангуяа манай экспортыг нэлээд хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, түүний дотор нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ч тэр, Хятадын зах зээл дээр ч тэр ихээхэн доогуур байна. Ойрын хугацаанд үнэ эргээд сэргэнэ гэхэд тун хэцүү дүр зураг харагдаж байгаа юм.

Учир нь, сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас байгаль орчин, агаарын бохирдолттой холбоотойгоор нүүрсний хэрэглээг аль болохоор танах бодлого баримталж байгаагийн сацуу нүүрсийг орлохуйц байгалийн хий болон бусад бүтээгдэхүүний хэрэглээнд шилжих сонирхолтой байна.  

Харин эдийн засгийн хувьд ерөнхий хэмжээ багтаамжийн тухайд бол буураагүй. Манайхаас нийлүүлж буй нүүрсний хэмжээ ч өмнөх жилүүдийнхээс төдийлөн буураагүй гэсэн тоон дүн байгаа боловч үнийн хэлбэлзлээс шалтгаалаад манай улсад орж байгаа орлогын хэмжээ багассан тал бий. Эл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар зөвхөн уул уурхайн гэлгүйгээр бусад салбаруудын бүтээгдэхүүнийг боловсруулах, Хятадын зах зээлд гаргах чиглэлээр нэлээд шаргуу ажиллаж эхэлж байна. Энэ бүхнийг Хятадын тал анхааран ойлгож хандаж байгаа нь ихэд сайшаалтай юм.

-Хятад улстай хамтран ирээдүйд хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх яриа хэлэлцээний явц хэр байна вэ? Тус улсаас олгож буй зээлийн ашиглалтын байдлын талаарх таны бодлыг сонсъё? 

-Та бүхэн мэдэж байгаа, уул уурхайн салбар дахь гол асуудал болох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар хэлэлцээ явагдаж байгаа. Хоёр тал энэ баярын дараагаас эхлээд нэлээд идэвхтэй байдлаар яриа хэлцээг үргэлжлүүлэх болно. Бусад томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар ч гэсэн хэлэлцэн ярьж байна. Энэ тал дээр хамгийн гол нь санхүүгийн асуудал тулгамдаж байдаг. Бид өмнө нь Хятадын Засгийн газраас авсан 500 сая долларын зээлийг ашиглаж дуусгах чиглэл рүү орсон. Энэ зээлийг ашиглаж дууссаны дараа 1 тэрбум долларын зээл авч, манай орны дэд бүтэц, эрчим хүчний салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлцээг маш идэвхтэй хийж байна. 

Энэ оны эцсээр өндөр дээд хэмжээний айлчлалууд төлөвлөгдсөн байгаа. Эдгээр айлчлалуудын үеэр холбогдох баримт бичигт гарын үсэг зурах чиглэлээр хоёр талын зохих байгууллагууд идэвхтэй ажиллаж байгаа юм.

Та бүхэн мэдэж байгаа байх, ирэх долоо дундуур манай улсын Ерөнхий сайд Хятад улсад ирж олон улсын хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудаар яриа хэлцээ хийх гэж байна. 

                                                                                                                            Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд