khandmaa@montsame.gov.mn
2024-03-29 20:15:05
Т.Ням-Очир: Монгол бичгийн олимпиад зохион байгуулах бэлтгэл хангагдсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “2025 онд монголчууд бид бэлэн үү” булангийнхаа зочноор Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирыг урилаа.  “Монгол хэлний тухай” хуулийн дагуу, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэлийг хангах хүрээнд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ыг батлан хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий Сайд захирамж гаргаж Боловсролын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан билээ. - БШУ-ны сайд Ажлын хэсгийнхээ дэргэд гурван дэд ажлын хэсгийг байгуулсан. Төрийн албан хаагчдыг сургах нэлээд гол ажлыг хариуцаж байгаа танай багийн ажил хэр үр дүнтэй өрнөж байна гэж та үзэж байна вэ?-Миний хариуцаж ажиллах дэд ажлын хэсэг бол, Үндэсний бичгийг хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл ажлыг хангах, төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн хөтөлбөр, гарын авлага боловсруулах хэвлэн нийтлэх, төрийн албан хаагч нарт монгол бичиг заах сургагч багш нарыг бэлтгэх үүрэг чиглэлтэй ажиллаж байна.Ерөнхийдөө,“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-т тусгагдсан 45 ажлыг манай дэд ажлын хэсэг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Бид гурван удаа өргөтгөсөн хуралдаан зохиогоод байна. Мэдээж эдгээрийг хийхэд төсөв мөнгө хэрэгтэй тул, тооцоо судалгаагаа хийж, нийт 400 орчим сая төгрөг хэрэг болох нь гэсэн хүсэлтийг БШУ-ны сайдад тавьсан.Төсөв 2022 оны 8-р сард батлагдсанаар Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны хүрээлэн гэх зэрэг бүх мэргэжлийн байгууллага ажлаа зангидаж, бид 20 ажлын үр дүнг гаргаад байна.250 орчим сая төгрөгийг төлөвлөсөн ажилдаа зарцуулсан тухай тайланг БШУ-ны сайдын шуурхай хуралд танилцуулсан. Нөгөө хоёр дэд ажлын хэсгийн тайланг ч БШУ-ны сайд сонсоод Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр дахин үүрэг чиглэл өгүүлэх хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлт гаргасан. Нэн ялангуяа, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи дээр нэлээд координац хийх шаардлагатай гэж бид үзэж байгаа. -Тэгэхээр, хуулийг хэрэгжүүлэхэд та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна гэсэн үг вэ?-Жишээлбэл, БШУЯ, Боловсролын Ерөнхий газар бол бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг бодлого, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах ёстой газар. Төрийн албан хаагч бол тусдаа субьект тул тэдэнд зориулсан сургалт, модул хөтөлбөр бол яг үндсэндээ БШУЯ-ны ч, Боловсролын ерөнхий газрын ч хариуцах ажил биш юм байна. Боловсролын ерөнхий газрын чиглүүлгэд аймгийн засаг даргын тамгын газар харьяалахгүй. Тиймээс Төрийн албан хаагчийн сургалтын асуудал, тэдний мэргэжил дээшлүүлэх ажлыг Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи дээр удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах нь илүү үр дүнтэй юм байна. Сургалтын хөтөлбөр гаргах, сургагч багш нараа томилоод явуулахад асар их бэрхшээл тулгарсан ч бид 2025 оны бэлтгэлийг хангах ажлаа хийж байна.Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр хөтөлбөрөө батлуулсан. Засгийн газраар тогтоол оруулж удирдлагын академид мэргэшиж байгаа хүмүүст монгол бичиг заавал заах, төрийн албан хаагчийн анкет заавал монгол бичгийн хувилбартай байх ёстой гэх зэргээс гадна, монгол бичгийн хэвлэмэл хуудас, нэрийн хуудасны хүртэл стандартыг батлуулсан.Дэд ажлын хэсгүүд хийх ёстой ажлаа ингэж хийгээд байгаа ч нөхцөл байдал хөрсөн дээрээ өөр байна шүү гэдгийг дэд ажлын хэсгүүдээс ярьж байгаа. Хамгийн чухал нь төрийн захиргааны төв байгууллага, яам агентлагууд яг хэрэгжүүлж байна уу гэдгийг мэргэжлийн байгууллагууд хамтарч хянах хэрэгтэй байна. Тухайлбал, төрийн албан хаагчийн нэрийн хуудасны стандарт гарчихаад байхад яг үнэндээ үүнийг ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг орон нутгийн удирдлага нь анхаарах шаардлагатай байна.Бүх салбарын сайд нар нэрийн хуудас, хэвлэмэл хуудсаа жигдлэхээс эхлээд манай төрийн албан хаагч нарын хэд нь монгол бичгээр баримт  бичгээ хөтлөхөд бэлэн байгаа гэдгийг хянаж, чиглэл өгч ажиллах шаардлага үнэхээр байна гэж бид үзэж  байгаа юм.-Төрийн албан хаагч нарын монгол бичгийн мэдлэгийг сайжруулах чиглэлээр та бүхэн ямар ямар ажлыг амжуулаад байна вэ?   -Манай ажлын хэсэг Үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтраад төрийн албан хаагч нарт зориулсан цуврал хичээлийг контент талаас нь бэлэн болгосон. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс төрийн албан хаагчдад зориулсан монгол бичиг сурах аппликэйшныг мөн бэлэн болгоод байна. Одоо шинжээчид оруулсны дараа Төрийн албаны зөвлөлд хүлээлгэн өгч, хамтран ажиллах бодолтой байна.  -Энэ аппликэйшн ямар ач холбогдолтой гэж ойлгож болох вэ?-Жишээлбэл, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг ерөнхий шалгалтад монгол бичиг бүхий хэсэг бий. Урьдаас бэлтгэгдсэн 200-300 тестийн хариуг зөвхөн нэг удаа шалгалт өгөх зорилгоор цээжилж шалгалт өгөөд байх хандлагатай байна шүү дээ. Түүнээс биш монгол бичгийн сургалтад суухгүй байна. Харин энэ аппликэйшны тусламжтайгаар, эхлээд мэдлэгээ сорьж өөрийнхөө түвшнийг тогтоолгоод, тохирох түвшний сургалтад сууна гэсэн үг.  Мөн Төрийн албаны зөвлөл зөвхөн шалгалт авах төдийхөн бус тухайн хүний түвшин болон хэдэн цагийн сургалтад хамрагдсаныг нягтлах боломжтой болно. Тиймээс тухайн шалгуулагч шалгалт өгөөд 6 оноо авлаа гэж бодоход хичээлдээ бүрэн хамрагдсан байвал 4 оноо нэмж өгөх гэх мэтээр дүгнэж болно шүү дээ. Ингэвэл хүмүүс монгол бичиг сурна, зөвхөн шалгалтад тэнцэх гэж хүчээр цээжлэхээ болино. -Тэгэхээр төрийн албанд ороод ажиллаж байгаа хүмүүсийн монгол бичгийн мэдлэг чадварыг яаж ахиулах боломжтой гэж та бүхэн үзэж байна вэ?-Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хийсэн монгол хэл, уран зохиолын багш нарын монгол бичгийн мэдлэгийн тандалт судалгаа бэлэн болсон. Одоо тэдний төрийн албан хаагчдад монгол бичиг зааж байсан туршлагатай эсэхийг, мөн цаашлаад туршлагатай багш нараар төрийн албан хаагчдад хичээлийг хэрхэн заалгах, төрийн албан хаагчдын түвшин ер нь ямар байгааг тандах судалгааг явуулж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр удирдамж, хөтөлбөрөө батлуулсан. Төрийн албан хаагчдад зориулсан 1, 2-р түвшний гарын авлага, багшийн номоо боловсруулж дуусгасан.Мөн манай баг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Архангай, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад очоод 6200 төрийн албан хаагчдад монгол бичгийн цахим бичвэрийн сургалт зохион байгуулсан. Цаашдаа үлдсэн аймгуудад мөн сургалт зохионо. Энэ жил батлуулсан 400 сая төгрөгөөс 200 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан боловч, 2023 онд мөн тодорхой хэмжээний санхүү төсвийг тавиулсан байгаа. Өмнө нь бидэнд ийм санхүү, төсөв байгаагүй шүү дээ. -Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд монгол бичгийн төрөлжсөн олимпиадтай болох тухай заасан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?-БШУЯ дээр олимпиадын журам шинэчлэгдэх ёстой. Ямар ямар олимпиадыг ямар түвшинд явуулах, аль байгууллага, мэргэжлийн холбоо удирдаж явах гээд бүх зүйл тэр үед тодорхой болно. Бид үндэсний онцлогтой, “Монгол хэлний тухай хууль” болон “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ын хэрэгжилтийг дэмжсэн энэ олимпиадад маш их ач холбогдол өгч байгаа тул зохион байгуулалтыг нь хариуцаж ажиллана. Гэхдээ бусад олимпиад шиг цөөн хэдэн хүүхдийн хүрээнд биш, нийтийг хамарсан хэлбэрээр, сургуулийн түвшний байхаар мөнгө санхүүг нь шийдье гэж ажлын хэсгийн хурлаараа ярилцсан. БШУЯ журмыг шинэчлэхдээ бидний саналыг тусгана гэж найдаж байна.-Эхний олимпиадыг хэзээ зохион байгуулах вэ, энэ хичээлийн жилд амжих уу?- Ер нь бол, 2023-2024 оны хичээлийн жилд шаардлагатай төсөв мөнгөө тавиулчихсан, олимпиадыг зохион байгуулах бэлтгэл хангагдчихсан гэж ойлгож болно.-Боловсролын Хүрээлэнгийн дэргэд монгол бичгийн сургалт, арга зүй судалгааны төв байгуулсан гэсэн. Ямар ямар ажил хийж байна вэ?-Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн дээр монгол хэлний, англи хэлний гээд 2 төв байгуулагдсан. Монгол хэлний төв нь цаашдаа, нэн ялангуа үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, монгол бичгийн хэрэглээний ажил дээр биднийг дэмжиж ажиллах байх гэж бодож байна. Дээр өгүүлсэн аппликэйшныг Монгол хэлний энэ төв дээр бүтээсэн.-Монгол хэл, бичгийн багш нарын бүсийн зөвлөгөөнийг хоёр жил тутамд, улсын зөвлөгөөнийг дөрвөн жил тутам зохион байгуулна гэж Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгасан байгаа. Энэ зөвлөгөөн хэзээ болох вэ, ямар асуудлыг хэлэлцэх вэ?- Багш нарын зөвлөгөөнийг хийх бэлтгэл ажлыг хангаад явж байна. Ажлын хэсэг саяхан хуралдаад, удахгүй зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний зөвлөгөөн ингээд болчихвол, хийж байгаа ажлаа бүх нийтэд мэдрэгдэхүйц хэмжээнд сурталчлахгүй байна, төрийн албан хаагч өдөр тутмын ажилдаа дарагдаад энэ ажил руу орж чадахгүй байна, орон нутагт байгаа удирдлага нь зангидаж чиглүүлэхгүй байна гэх мэт үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх асуудал дээр гарч байгаа шүүмжлэлийг нэлээд ярьж,  шийдэх байх гэж бодож байна. 
343 өдөр