Үер усны аюулаас сэрэмжлэхийг дахин анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-25 11:08:29
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар энэ сарын 26, 27-нд дуу цахилгаантай бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бороо орох үеэр салхины хүч ширүүсэх, уруйн үер болох, голын усны түвшин огцом нэмэгдэх, аянга цахилгаан буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.
Иймд аймгийн ОБГ-аас иргэд олон нийтэд хандаж, дараахи сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
-Эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;
-Усархаг бороо орох үеэр автозамын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул баталгаатай автозам, гүүр, гарамыг сонгох, гол ус гатлахдаа аюулгүй байдлаа хангах;
-Аянга, дуу цахилгааны аюулд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, мал өртсөн тохиолдол гарч байгаа тул аадар бороо орох үеэр гэрийн янданг авч, цахилгаан хэрэгслийг салгах, аянга зайлуулагчийг хэрэглэх;
-Аадар бороо орохын өмнө болон бороо орох үеэр салхины хүч ширүүсэх тул иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирохоос урьдчилан сэргийлэхийг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Ч.Отгонцэцэг
Related news