Дулаан алдагдлыг бууруулах төсөлд нэмэлтээр 1 тэрбум төгрөг төсөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-01-10 15:53:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг, сургуулийн дулааны алдагдлыг бууруулах төслийн хүрээнд нэмэлтээр барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулж нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн нээлтийн хурал өнөөдөр Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгааллын төвд даваа гарагт болсон юм.

Төслийг Улаанбаатарын хамгийн их хүн амтай БЗД, СХД-ийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм.

Төслийн ач холбогдлын талаар төслийн захирал Ноён Давид Ханкок “Монгол Улсын хатуу ширүүн байгалийн нөхцөлд тохирсон эрүүл орчинтой, тав тухтай, хямд төсөр, эрчим хүчний хэмнэлтэй барилга нь нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх болно. Төслийн хүрээнд хамгийн орчин үеийн шилдэг технологиор барилгын орчныг сайжруулахаас гадна ирээдүйд тогтвортой байдлыг хангах тогтолцоог бий болгоно” гэж онцолж байв. Нийслэлийн Засаг даргын Орлогч Ш.Анхмаа “Төслийн хүрээнд дулааны алдагдалтай нийт 20 сургууль, цэцэрлэгийг засварлахаас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчныг сайжруулна” гэв.

Тус нээлтийн хурлаар төслийн өмнөх шатны сайн туршлагаас Завхан, Ховд аймгийн сургуулийн удирдлага, орон нутгийн өмчийн газар, орон нутгийн удирдлага хуваалцах ба боловсролын салбарын хөрөнгө оруулалт, эрчим хүчний тарифын тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарцын талаар хандивлагч байгууллага, төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн харъяа агентлагууд, Эрчим хүчний зохицуулах газрын төлөөллүүд хамтран хэлэлцэж, санал солилцжээ.

Д.Өлзий
Related news