Германы төмөр замаар зорчигчид тасалбар худалдан авах шаардлагагүй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-15 17:27:18
БЕРЛИН./TASS/. Германы төмөр замын “Deutsche Bahn” компаниар үйлчлүүлж буй зорчигчид ойрын ирээдүйд тасалбар авахгүйгээр зорчих ба тасалбарын үүргийг гар утас гүйцэтгэх бол тасалбарын шалгалтыг автоматаар хийдэг болох аж. Энэ тухай Германы “Bild am Sonntag” сонинд тус концерны тэргүүн Рихард Луц мэдэгджээ.

“Ирээдүйд галт тэргээр зорчиход тасалбар хэрэггүй болно. Вагонд нэвтэрсэн зорчигчийг гар утсаар нь бүртгэх боломжтой. Ямар өртөөнд буухаас нь хамааран тасалбарын үнийг автоматаар суутган авах юм. Манай ажилтнууд тасалбар шалгахын оронд зорчигчдын ая тухыг хангах тал дээр илүү анхаарах болно” гэж ноён Р.Луц  ярилаа.

Түүний хэлснээр, ийм технологийг алхам алхмаар нэвтрүүлэхэд шаардагдах тоон дэд бүтэц нэгэнт бүрдсэн аж. Тухайлбал, энэ жилээс эхлэн тус концерны алсын чиглэлд явах вагонуудад утасгүй интернет ажиллаж байна.

Үүний сацуу төмөр замын буудалд гардаг хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдгээ Р.Луц амлалаа. Энэ оны сүүлч гэхэд орон даяарх 1000 вокзал, өртөөнд 7 мянган дүрс бичлэгийн камер суурилуулах бөгөөд үүнд 10 сая евро зарцуулах аж.

100 хувь төрийн өмчит “Deutsche Bahn” хувьцаат нийгэмлэгийг 1994 онд ХБНГУ болон хуучин БНАГУ-ын төмөр замын хоёр том концерныг нэгтгэн байгуулжээ. Одоо тус концерний мэдлийн 33,5 мянган км урт төмөр замын сүлжээгээр өдөрт 5,4 сая хүн зорчдог байна.
О.Барс 

 

 

 

 

 



Related news