Европын Холбооны барааны татварыг нэмэгдүүлэх хугацааг дахин хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-07-08 09:17:26

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /DW/. Европын Холбоо болон зарим улсаас импортлох бараа бүтээгдэхүүний худалдааны татварыг нэмэгдүүлэх хугацааг наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулах зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт даваа гарагт мэдэгджээ.


Европын Холбооны нэрээ нууцлахыг хүссэн өндөр албан тушаалын эх сурвалж мөн энэ мэдээллийг “Reuters” агентлагт батлан хэлсэн байна.


Д.Трамп мөн наймдугаар сарын 1-нээс эхлэн Япон, Өмнөд Солонгос, Малайз, Казахстан, Тунисын бараа бүтээгдэхүүнд 25 хувь, Өмнөд Африк, Босни-Херцеговина улсуудын бараанд 30 хувь, Индонезод 32 хувь, Серби, Бангладешид 35 хувь, Тайланд, Камбожид 36 хувь, Лаос, Мьянмар улсуудад 40 хувийн худалдааны татвар тогтоох тухай албан захидлуудыг "Truth Social" нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Эдгээр улс оронтой хийж буй АНУ-ын худалдаанд үүсээд буй алдагдлыг үндэслэн дээрх арга хэмжээг авч байгаа ажээ. “Хэрэв эдгээр улсын аль нэг нь Америкийн бараанд ногдуулах гаалийн тарифыг нэмэх шийдвэр гаргавал АНУ тухайн улсад ногдуулах тарифыг ижил хэмжээгээр нэмэх болно" гэдгийг Цагаан ордны тэргүүний захидлуудад анхааруулсан байна. 




Related news