Д.Трамп: Зэсийн импортод 50 хувийн татвар ногдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 9 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мягмар гарагт Цагаан ордонд болсон хурлын үеэр зэсийн импортод 50 хувийн татвар ногдуулж, эмнэлгийн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.
Энэ мэдэгдлийн дараа зэсийн үнэ огцом өсөж, нэг тонн нь 12 330 ам.долларт хүрчээ. Д.Трамп мөн эм, эмнэлгийн бүтээгдэхүүний импортод 200 хувийн татвар ногдуулна гэсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр үйлдвэрлэгчдэд “ажлаа зохицуулах” нэг жилийн хугацаа олгоно хэмээн амлалаа.
Зэсийн импортод ногдуулах тариф хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Д.Трамп ган, хөнгөн цагаан, авто машины импортод хэдийнэ татвар ногдуулаад байгаа юм. Үүний зэрэгцээ тэрбээр Европын Холбоо болон зарим улсаас импортолж буй бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх хугацааг мягмар гарагт буюу өчигдөр хойшлуулсан юм. Уг журам долоодугаар сарын 8-наас хэрэгжих ёстой байсан боловч наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ.
Зэс бол цахилгаан автомашин, зэвсгийн үйлдвэрлэл, цахилгаан дамжуулах сүлжээний хувьд чухал түүхий эд юм. Зэсийн импортын татварыг өсгөснөөр дотоодын үйлдвэрлэл идэвхжих ёстой гэж Цагаан ордон үзэж байна. Америкийн хэрэглэгчид одоо хэрэгжиж буй, 1934 оноос хойших хамгийн өндөр буюу 17.6 хувийн зэсийн импортын татвараас үүдэлтэй сөрөг нөлөөнд аль хэдийнэ өртсөн гэдгийг Йелийн их сургуулийн “The Budget Lab” дүн шинжилгээний төвийн судалгаа харуулжээ.
Гэсэн хэдий ч татвараас их хэмжээний орлого орсоор байгаа хэмээн АНУ-ын засаг захиргаа мэдэгдэж байгаа юм. Сангийн сайд Скотт Бессентын хэлснээр, татвараас 100 тэрбум орчим ам.долларын орлого олоод байгаа ба оны эцэст энэ тоо 300 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.