Тэжээллэг бодисуудаа хамгийн багадаа 200 гр сүү ууснаар нөхдөг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-14 00:12:49

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хүний биед нэн шаардлагатай амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200 гр сүү ууснаар нөхдөг хэмээн “Та сүүгээ уусан уу” уулзалтын үеэр мэргэжилтнүүд онцолж байна.

“Глобал Коммунитис” олон улсын байгууллагаас EMIRGE хөтөлбөрийн хүрээнд “Та сүүгээ уусан уу”цуврал уулзалтыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл зохион байгуулах юм байна. Өнөөдөр сүү, сүүн бүтээгдэхүүний Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга барил, шинэ санааг нэвтрүүлэхэд талууд санал бодлоо солилцлоо.

 Монгол Улсад 2003 оноос АНУ-ын ОУХА /USAID/,  ХАА-н Департмент /USDA/-ийн санхүүжилтээр  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх EMIRGE хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ.

Уулзалтад нийслэлийн ХХААГ-ын Хүнсний хэлтсийн мэргэжилтэн Ц.Баярмаа “Нийслэлээс сүүний салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”, ШУТИС, ҮТС, Хоол зүйч доктор, дэд профессор М.Пүрэвжав “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ба хүний махбодын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь”, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний зохистой хэрэглээний зөвлөмж” зэрэг сэдвээр илтгэл тавив.

Дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ-д иргэд нь насны ангиллаараа өдөр бүр сүүг тогтмол хэрэглэдэг байна. Тодруулбал  1-10 настай хүүхэд 1-3 аяга  4 хувийн тослогтой сүү, 11-18 настай хүүхэд 4-5 аяга  3.2 хувийн тослогтой сүү, 19-өөс дээш насны хүн өөрийн биеийн онцлогт тохируулан 3 аяга /300-500гр/ 0,1- 2,5 хувийн тослогтой сүүг хэрэглэх ёстой аж.
 

Б.Ариунзаяа

Related news