Өрсөлдөх чадварын ерөнхий индексээр Баянгол дүүрэг тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-14 00:09:20

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Дүүргүүд хөгжил, эдийн засгийн үзүүлэлт, чадамжаараа өрсөлдөх хөшүүрэгтэй боллоо.

 Азийн сангийн дэмжлэгээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г анх удаа гаргаснаар дүүргүүдийн ажлын үзүүлэлт нийтэд ил болж байна.

 Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг үнэлэхдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн 150 шалгуур үзүүлэлтээр албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуулгаар дүгнэжээ.

Судалгааны  зорилго нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн удирдлагуудыг бодитой мэдээллээр хангах, дүүргүүдийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ашиглахуйц иргэдийн оролцоог хангасан, өргөн цар хүрээтэй мэдээллийн санг бий болгоход чиглэж буйг албаныхан хэллээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий индексээр 205 мянга 663 хүн амтай Баянгол дүүрэг тэргүүлсэн бол 35 мянган хүн амтай Налайх дүүрэг сүүл мушгижээ.

Баянгол дүүргийн хувьд нийт иргэдийн 78.40  хувь нь орон сууцанд амьдардаг бөгөөд цахим засаглал, гэрэлтүүлэг, үйлчилгээний төв, автобусны буудлын хүртээмж зэрэг үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Харин залуусын гэмт хэрэгт холбогдох байдалд анхаарах хэрэгтэй гэдэг нь судалгаагаар гарчээ. Судалгааны тайлангаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээс гадна  өрсөлдөх чадварын төлөв байдал, давуу, сул тал, тулгамдаж буй асуудлуудыг үзүүлэлтээр харах боломжтой юм.

Эл судалгаа нь дүүргүүдийн хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдэгт тулгуурлан ажлаа сайжруулах боломжийг олгоно хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дарга П.Цагаан онцлов.

Мөн үеэр Хотын дарга С.Батболд хэлэхдээ,  “Нийслэлд нийт хүн амын тал хувь нь амьдарч байна. Тиймээс эдийн засаг нийгмийн аж амьдрал төвлөрсөн гэдэг утгаараа иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хөгжүүлэхэд гол анхаарал төвлөрч байна. Иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан, үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зорилгодоо хүрэхийн тулд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, судалгаанд суурилсан оновчтой шийдвэрүүдийг гаргах нь чухал юм. Энэ удаагийн судалгаа бидний цаашдын ажилд ихээхэн ач холбогдолтой. Иргэдийнхээ хүсэлд тулгуурлан Улаанбаатар хот, дүүргүүд хөгжлийн түвшнээ тогтоох, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, үр дүнтэй төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд үнэ цэнэтэй мэдээллийн эх үүсвэр болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

 Тайланг бүрэн эхээр нь www.ecrc.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм.

Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news