Баяннуурын бунхант булшны хуягт морьд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар 12 /МОНЦАМЭ/. Баяннуурын бунхант булшнаас хуяг дуулга бүхий морьт цэргийн шавар баримлууд олноор олджээ.
Монгол-Казахстаны хамтарсан экспедиц 2011 онд Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх газарт археологийн малтлага хийж, эртний язгууртны иж бүрэн бунхант булшийг нээн илрүүлсэн юм. Судлаачид энэхүү дурсгалыг НТ VII зууны үед хамааруулан авч үздэг.
Бунхант булшнаас алт, мөнгө, хүрэл, мод, даавуу зэрэг 550 орчим олдвор илэрснээс гадна бунхны хананд 30 гаруй ханын зураг зурсан байжээ. Тоногдож эвдэгдээгүй, бүтнээрээ хадгалагдсан, ханын зурагтай, өвөрмөц бүтэц, хэлбэртэй, иж бүрэн эдлэл хэрэглэгдэхүүнтэй ийм бунхант оршуулга Монгол Улсаас өмнө нь илэрч байгаагүй юм. Нэн ялангуяа, эртний өрнө, дорнын нийгэм, соёлын харилцааны нэн чухал баримт, хэрэглэгдэхүүнүүд эндээс илэрч мэдэгдсэн нь монгол нутагт төр улсаа байгуулан оршин тогтнож байсан эртний нүүдэлчдийн түүхийн судлалд чухал ач холбогдолтой ажил болсон гэж судлаачид үздэг. Уг бунхант булшнаас шавраар хийсэн хүн, морь, элдэв амьтны баримал илэрсэн байна.
Малтлагаас илэрсэн морьтой болон зогсоо байдалтай хүний дүрслэл эдлэл нь хэд хэдэн төрөлтэй. Үүнд, шавраар хийж шатаагаад өнгө ялган будсан морьтны зарим нь хөгжим үлээж буй бол зарим морьтон нь туг далбаа барьсан байдалтай, шавар морьд нь бүрэн хуягласан болон хуяггүй дүрслэлтэй байжээ.
Шавар морьдыг бахим биетэй, оодон богино сүүлтэй, олон янз зүстэй дүрсэлжээ. Морины нуруунд өргөн гөлөмтэй, намхан бүүрэгтэй тохош маягийн эмээлтэй, дөрөө дүрслээгүй, эмээлээс урагш залган морины хүзүүгээр ороосон хөмөлдрөг, хондлойд нь сүүлний угаар оруулан хударга дүрсэлсэн байдаг юм байна.